Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Төгсөгчдийн холбооноос 2003 оноос эхлэн жил бүрийн хавар уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан гагнуур” чуулга уулзалт өнөөдөр эхэллээ.
Уг арга хэмжээнд эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн оролцож хэлсэн үгэндээ Эх орныхоо өнцөг булан бүрээс дэлхийн бусад улс орноос хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт Та бүхэндээ Эрүүл мэндийн яамны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэж мэндчилье. Энэхүү чуулга уулзалтын нээлтийн арга хэмжээнд урьж оролцуулж байгаа Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн удирдлага, Төгсөгчдийн холбоонд талархаж байна. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн түүхт 75 жилийн хугацаанд нийт 70 үеийн эмч, мэргэжилтнүүд төгссөн бөгөөд өнөөдөр “Долоо”-оор онцгойрсон 8 үеийн төлөөлөл хуран цугларчээ. Монголын эмч, мэргэжилтнүүдийн үндэс суурь болсон 1947 оны төгсөгч анхны 14 эмч нь “Долоо”-оор онцгойрсон энэ жилийн “Алтан гагнуур” чуулга уулзалтын бахархал болж байна.
Анхны эмч нараас энх тунх амьдарч байгаа Монгол Улсын Ардын эмч, Хүний гавъяат эмч, Анагаах ухааны доктор, профессор, анхны арьс өнгөний эмч, анхны эрдэмтэн Ч.Долгор эмчийг Монгол Улсын анагаах ухааны салбарыг хөгжүүлэх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан “АЧТАН” хэмээн эрүүл мэндийн салбарын хамт олон бид үргэлж бахархдаг болохыг өнөөдөр онцгойлон дурдая.
“Алтан гагнуур” чуулга уулзалтанд хүрэлцэн ирсэн үе үеийн төгсөгч Та бүхэн эрүүл энхийн төлөөх ариун үйлсэд чин сэтгэлээр цуцалтгүй зүтгэж, дэлхийн анагаах ухааны хөгжлийг эх орондоо авчрах, бусаддаа үлгэр дууриал үзүүлэх, нийгмийн амьдралд идэвхитэй иргэн байх үүрэг хариуцлагаа нэр төртэй биелүүлж байгаа гэдэгт Миний бие итгэлтэй байна.
Өнөөдрийн чуулга уулзалт төгсөгч Та бүхэнд мэргэжил нэгт анд нөхөд, эрдэмтэн багш нартайгаа баяр хөөртэйгээр уулзан учирч, оюутан ахуй цагаа дурсан, ахмад үедээ хүндэтгэл үзүүлж, ажил амьдралын арвин туршлагаа хуваалцсан сайхан арга хэмжээ байх нь дамжиггүй. Цаашид энэхүү арга хэмжээг төгсөгчдийнхөө амжилт бүтээлийг тайлагнан сурталчилж, эх орондоо болон гадаад оронд мэргэжлээрээ ажиллаж байгаа төгсөгчдийнхөө үйл ажиллагааг нэгтгэн, Монгол Улсын анагаах ухааны салбарыг дэлхийн анагаах ухааны хөгжилтэй холбох “ГҮҮР” болгон өргөжүүлээрэй. “Долоо”-гоор онцгойрсон төгсөгчид Та бүхэн “Алтан гагнуур” чуулга уулзалтаараа 2027 онд дахин хуран цуглахдаа ажил мэргэжлийн арвин их амжилттайгаар уулзахын ерөөл дэвшүүлье гэлээ.