“Олон улсын сувилагчдын өдөр”-ийг тохиолдуулан “Сувилагчийн алдар” нийслэлийн зөвлөгөөн өнөөдөр болж, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн Б.Ундармаа, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцлоо.
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг тус зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ, Эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлж байгаа санал, санаачлагыг ажил болгоход сувилагч, тусгай мэргэжилтэн та бүгдийн үүрэг оролцоо маш их гэдгийг онцлоод сувилахуйн тусламж үйлчилгээг хөгжүүлэх, одоогийн ололт амжилтыг бэхжүүлж боловсронгуй болгох, цаг үеийн шаардлагад нийцсэн дэвшилтэт арга барил, техник технологийг нэвтрүүлэх, сувилагчийн ажлыг дэмжиж урамшуулах, эмч, сувилагчийн харьцаа хандлагыг олон улсын жишигт ойртуулахад ихээхэн ач холбогдол өгөн ажиллаж байгаагаа дуулгалаа.
Энэхүү зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг даргын ивээл доор нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагын сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, сувилагч, тусгай мэргэжилтнийг урамшуулах, дэмжлэг үзүүлэх зорилгоор зарласан болзолт ураалданд шилдгээр шалгарсан дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, амаржих газар, тусгай мэргэжлийн төв, өрх, тосгоны эрүүл мэндийн төвүүдийг шагнаж урамшуулсан юм.
Манай улс “Олон улсын сувилагчдын өдөр”-ийг 1996 оноос тэмдэглэн өнгөрүүлдэг болсон бөгөөд энэ жил “Эх, хүүхдийн сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулья” уриан доор мянга мянган сувилагчдыг хамарсан хурал, сургалт, зөвлөгөөн, чуулганыг зохион байгуулж байна. “Сувилагчийн алдар” зөвлөгөөнөөр нийслэлийн эрүүл мэндийн салбар, үүнд сувилахуйн тусламж, үйлчилгээний чиглэлээр хийгдэж байгаа ажил, ололт амжилт, тулгамдаж байгаа асуудал, тэдгээрийн шийдвэрлэх арга замын талаар танилцуулж, хэлэлцэж байна.