Ирэх пүрэв гаригт “1000 цагаан нөмрөгтөн” чуулга уулзалт болно. Энэ талаар эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнтэй ярилцлаа.
-“1000 цагаан нөмрөгтөн” чуулга уулзалт болох гэж байгаа юм байна. Энэ чуулганы хүрээнд ямар ямар, ажлуудыг хийх гэж байна вэ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Ойрын жилүүдэд эмнэлгийн мэргэжлийн чуулган хийгдээгүй. Тиймдээ ч бид энэхүү чуулганыг зохион байгуулахаар төлөвлөөд ажиллаж байна. Чуулганы гол зорилго гэвэл эрүүл мэндийн салбарын хүртээмж чанарыг нэмэгдүүлэх, эмч эмнэлгийн ажилтнуудыг урамшуулах зэрэг олон ажил тусгагдсан байгаа юм. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд “Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэл” сэдвээр илтгэл тавина. Мөн бид эрүүл мэндийн салбарын ололт амжилтаа танилцуулна. Сайдын илтгэлийг хэлэлцүүлж, энэ салбарын хүмүүсийнхээ санал бодлыг сонсоно. Хамгийн гол нь цаашид юу хийж бүтээх вэ гэдэг чиглэл рүү чуулганы гол зорилго оршиж байгаа. Зөвхөн нэг өдөр чуулган хийгээд зогсохгүй шүү дээ. Энэ чуулганы үеэр эрүүл мэндийн салбараа сурталчлах нээлттэй хаалганы өдөрлөг зохионо. Өдөрлөгийн үеэр урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл өгч сургалт явуулах юм.
-Энэхүү чуулганд хөдөө орон нутгаас эмч нар ирнэ биз дээ. Гаднаас зочид ирэх үү?
-Чуулганыг нэлээд өргөн хүрээтэйгээр явуулна. Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас буюу эх орны дөрвөн зүг найман зовхисоос эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн төлөөлөл ирнэ. Орон нутгийн багийн эмчээс эхлээд гуравдугаар шатлалын нарийн мэргэжлийн эмч нар хүртэл оролцоно. Тэд өөрийн орон нутагтаа хийж байгаа ажлын талаар танилцуулга хийх юм. НҮБ-ийн Элчин сайдын төлөөлөл чуулганд ирж манай улсын эрүүл мэндийн салбарын талаар үг хэлж мэндчилгээ дэвшүүлнэ. Мөн энэ чуулганаас бид уриалга гаргах юм. Ямар чиглэл рүү явах, цаашид юун дээр анхаарах вэ зэрэг уриалга гаргаж, уриалгаас гарсан төслийг бүх хүнд тараагаад, төслөө авч нэгтгэнэ.
-Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр иргэдэд хандаж ямар ажил хийх гэж байна вэ?
-Нэлээд хэдэн ажил хийхээр төлөвлөж байгаа. Учир нь таны эрүүл мэнд таны гарт гэсэн чиглэл рүү үйл ажиллагаа явуулах юм. Хүний эрүүл мэндийн асуудал зөвхөн эрүүл мэндийн байгууллагын асуудал биш шүү дээ.
-Эмч нарт хуулийн танилцуулга хийх үү?
-Чуулга уулзалтын үеэр Эрүүл мэндийн даатгалын хууль тогтоомжинд орсон өөрчлөлтүүд, түүнийг хэрэгжүүлэх арга замын тухай сургалт явуулах юм. Мөн төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын талаар мэдээлэл өгнө. Эрүүл мэндийн байгууллагуудын гүйцэтгэх үүргийн талаар, шинэчлэлийн талаар мэдээлэл хйинэ. Өнөөгийн байдлаар бэлгийн замаар дамжих халдвар өндөр байна. Энэ хүрээнд эрүүл мэндийн төв эмнэлгийн мэргэжилтнийг гүйцэтгэх үүрэг баг, сумын түвшинд ямар байх талаар зөвлөгөө өгнө. Мөн яаралтай тусламжийн хүрээнд иргэд нийгмийн ажилтан, иргэд загвар хорооны төсөл боловсруулах асуудал тусгагдсан байгаа. Бас нэг гол ажил бол “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд элэгний өвчлөлийг эрт үед нь яаж илрүүлэх вэ зэргийг хэлэлцэж сургалт явуулна. Энэ хүмүүс эндээс олж авсан мэдлэгээ өөрийн ажлын байрандаа хүргэх юм.
-Чуулганы үр дүнг хэрхэн харж байгаа вэ?
-Санал бодлыг нь сонсоно. Ард иргэдийн дунд эмч, эмнэлгийн ажилтнуудын харьцааны ёс зүйн асуудал нэлээд яригддаг. Үүнийг бид чуулганаар хэлэлцэхээс гадна, салбарын хэмжээнд шийдвэрлэх ажлуудыг хийж байгаа. Иргэд тэр эмч тэдэн төгрөг нэхсэн, ингэж аашилсан хэмээн баримт нотолгоотой мэдээлэл өгвөл зүгээр байгаа юм. Нэг үеэ бодвол тоног төхөөрөмж хангагдаад ирж байна. Сум өрхийн эрүүл мэндийн түвшинд ганц шарлагын аппараттай байж байх жишээтэй. Хүнд суртлыг халах асуудал манай үйлчлүүлэгчдийн дунд их яригддаг. Мөн би өвдсөн, чи намайг эмчлэх ёстой гэдэг хандлага байдаг. Нэг талаараа хүн өөрөө өөрийгөө өвчнөөс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Урьдчилан сэргийлэх асуудал бидний гарт юм гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ нь гараа зөв угаагаад сурчих, амны хөндийн эрүүл мэндээ сахих, зөв хооллодог болчих хэрэгтэй гэсэн үг. Халдвар тусахгүйн тулд гараа сайн угаах, үйлчилгээний газрууд аяга шаазангаа сайн цэвэрлэх хэрэгтэй зэрэг энгийн зүйлсийг хэрэгжүүлсэн байхад өвчин тусахгүй байх боломжтой шүү дээ .
Эх сурвалж: Өдрийн сонин Н.Ганаа