Жил бүрийн 05 сарын 05-ны “Дэлхийн гарын эрүүл ахуйн өдөр”- тохиолдуулан Монгол Улсын хэмжээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй нийт эрүүл мэндийн байгууллагын эмч, ажиллагсад болон ард иргэддээ тус аянд нэгдэхийг уриалж байна.
Аяны хүрээнд УНТЭ-ээс ЕБС-ийн хүүхэд багачууддаа гарын ариун цэврийг хангахад юуг анхаарах талаар сургалт эхлүүллээ.
ДЭМБ-аас 2017 онд тус өдрийг “ Нянгийн тэсвэржилттэй тэмцэх нь таны гарт байна” гэсэн уриан доор зохион байгуулахаар уриалсан юм.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үед нян дамжих үндсэн зам бол гар буюу эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын 90 гаруй хувь нь бохир гараар дамжин халдварладаг. Гарын ариун цэвэр ахуйг сахих нь эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвраас сэргийлэх, нянгийн дамжилтыг зогсоох хамгийн үр дүнтэй арга юм.
Нэг үйлчлүүлэгчид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлээд гараа халдваргүйжүүлээгүй тохиолдолд хүрсэн газар бүртээ тухайн өвчин үүсгэгчийг тарааж байдаг ба өвчин үүсгэгчийн төрлөөс хамаараад хатуу гадаргуу дээр 3-7 хоног хүртэлх хугацаанд оршин тогтдог.
Мөн олон эмэнд тэсвэртэй нянгийн халдвар тархах үндсэн зам гарын эрүүл ахуйг сахиагүйгээс болж тархдаг.