Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр Энэтхэг улсын эрхтэн шилжүүлэн суулгах багийн эмч нарын төлөөллийг хүлээн авч уулзан, хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд хэлэхдээ, Бид эрүүл мэндийн салбараа бэхжүүлэх зорилготой, эмч, мэргэжилтнүүдээ чадваржуулахад ихээхэн анхаарч ажилладаг. Манай улсад эрхтэн шилжүүлэн суулгах хэрэгцээ, шаардлага байсаар байгаа энэ үед та бүхнээс дэмжлэг туслалцаа авахдаа таатай байх болно. Ялангуяа ясны чөмөг шилжүүлэн суулгах, эмч, сувилагч, техникийн ажилтнуудыг багаар нь сургах, мэс заслын дараах эмчилгээ, асаргаа, сувилгааг хийх чиглэлээр хамтран ажиллах талаар саналаа илэрхийлээд, тухайн эмч нарын багийг Монголд ирж ажиллах боломжтой гэдгийг хэллээ.
Энэтхэг улсын эмч нарын зүгээс хэлэхдээ, Бидэнд эрүүл мэндийн салбарын технологийг хөгжүүлэх чиглэлээр бусад улстай хамтран ажилладаг туршлага бий. Манай хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлснээр Монгол улсын хүн амд эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг хүртээмжтэй үзүүлж, Монгол эмч нарыг эрхтэн шилжүүлэн суулгах чиглэлээр дадлагажуулан сургах боломжтой. Түүнчлэн элэгний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн элэг судлалын эмч сургах болон бусад чиглэлээр хамтран ажиллахдаа баяртай байх болно гэв.
Эдгээр эмч нарын хувьд Монголын эмч нартай хамтран хагалгаа хийж байсан төдийгүй өөрийн улсдаа 1000 гаруй хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийсэн гэдгээ ярианы явцдаа дурдаж байв.