ЭМСЯ-ны харьяа Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн А зааланд Монгол Улсын Ерөнхийлөгчийн багийн спортыг хөгжүүлэх тухай 144 дүгээр зарлиг гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан, Монгол Улсын Засгийн газрын гишүүн Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Монгол Улсын Засгийн газрын гишүүн БСШУ-ны сайд Л.Гантөмөр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар нар болон спортын холбоод, баг тамирчид оролцлоо.
Биеийн тамир, спортыг хөгжүүлэх төрөөс баримтлах бодлогын гол зорилтуудад хүүхэд, залуучуудын спортын авьяасыг илрүүлэх, олноор нь хамруулж, хамт олонч хүмүүжил төлөвшүүлж, багийн болон улс орныхоо төлөө зүтгэх эрмэлзлийг төрүүлдэг багийн спортын төрлүүдээр хичээллэх, тэмцээн зохиох, хамрагдан оролцохыг дэмжихээр тодорхойлсон байдаг.
Энэхүү бодлогын зорилтыг дэмжиж Монгол Улсын Ерөнхийлөгч үндэсний болон багийн спортыг хөгжүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгсөн зарлигийг гаргасныг Ерөнхийлөгчийн тамгын газраас биеийн тамир, спортын салбарынханд гардуулах арга хэмжээ болсон нь энэ юм.
Монгол улсын Засгийн газар, Эрүүл мэнд, спортын яамнаас багийн спортыг хөгжүүлэх, дэмжих зорилгоор спортын холбоодод улсын аварга шалгаруулах тэмцээний санхүүжилт олгох, тив, дэлхийн зэрэглэлийн тэмцээнийг эх орондоо зохион байгуулах, гадаадад тэмцээн, наадамд оролцоход төрөөс бодитой дэмжлэгүүдийг үзүүлж ирсэн билээ.
Багийн спорт нь иргэдийн дунд хамгийн өргөн дэлгэр хөгжих, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, аль ч насныхан хичээллэх боломжтой ихээхэн ач холбогдолтой спорт байдаг.
Монгол улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт бүх аймаг, дүүргүүдийг спортын ордонтой болгох зорилтыг дэвшүүлэн шат дараатай хэрэгжүүлж байна. Энэ зорилтыг хэрэгжүүлсэнээр орон даяар багийн спортыг хөгжүүлэх, хүүхэд залуучууд хичээллэх нөхцөл боломж хангагдана гэж үзэж байна. Үндэсний болон Багийн спортыг хөгжүүлэх тухай зарлигийг хэрэгжүүлэхэд Эрүүл мэнд, спортын яамнаас спортын холбоодуудтай нягт хамтран ажиллах болно.