Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр Япон улсын Жайка байгууллагын Ахлах Зөвлөх Ямашита Маморү-г хүлээн авч уулзан эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд Япон улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд үр дүнтэй явж байгааг цохон хэлээд, манай улсын анхан болон хоёрдогч шатлалын эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх, эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх, ЖАЙКА-ийн сайн дурын мэргэжилтнүүдийг Монгол улсад ховор байдаг нөхөн сэргээх, сэргээн засах чиглэлээр ажиллуулж байгаа нь Монгол эмч нарын ур чадварыг дээшлүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байна гэв.
Эрүүл мэндийн салбарт Япон улсын Засгийн газрын санхүүжилтээс гадна мэргэжлийн холбоо, нийгэмлэг, төрийн бус байгууллагуудтай хамтран хүмүүнлэгийн шугамаар хүмүүнлэгийн тусламж, хандивын төслүүдийг амжилттай хэрэгжүүлсээр ирсэн юм.