Монгол улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдрийг сурталчлах өдрийг зохион байгуулах” тухай Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 67 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах аврах 18-р ангийн I салаатай хамтран 2017 оны 03 дугаар сарын 23-ны 16:00 цагт Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллалаа.
Энэ өдөр төвийн 46 тасаг нэгж, албаны 471 эмч, ажилтан, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах аврах 18-р ангийн I салааны 15 албан хаагч, эмнэлгийн 3 машин, 2 гал унтраах машин Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор аюулгүй байдлаа ханган, тогтоосон хугацаанд зааварчилгаа өгөгдсөн гарцаар гарч, цугларах цэгт жагссан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ахлах дэслэгч Б.Бямбасүрэн Гамшгаас хамгаалах хууль, Газар хөдлөлтөөс хэрхэн сэрэмжлэх талаар танилцуулга хийж, төвийн Гамшгаас хамгаалах штабаас ажилчдыг бүртгэн, биеийн байцаалт, хамгаалах хэрэгслийг шалгав.
Тус арга хэмжээний үеэр Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах аврах 18-р ангийн I салаанаас Галын аюулгүй байдлын онолын болон дадлага сургалт зохион байгуулж, төвийн албан хаагчдад гал түймрийн аюул тохиолдсон үед галын хор хэрхэн ашиглах болон гарч болох аливаа эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах тухай мэдлэгийг дээшлүүлсэн. Мөн гал түймэр, үер, аянга цахилгаан, хүн мал амьтны гоц халдварт өвчин, ахуйн ослын үед авах арга хэмжээний 5 төрлийн 300 гаруй гарын авлага тараасан байна.