УИХ-ын дарга М.Энхболд тэргүүтэй албаны хүмүүс Төв аймагт ажиллаж, шинэ нисэх буудлын барилгын ажил болон Нэгдсэн эмнэлэг, дунд сургууль, цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцаж, иргэдтэй уулзлаа. Тэрээр тойрогтоо хамт ажиллаж буй УИХ, Засгийн газрын гишүүдэд талархаж байгаагаа илэрхийлж, төр засгаас хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа танилцуулан, ард иргэдийн асуултад хариулт өгч, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн юм.
Эрүүл мэндийн яамны зүгээс энэ жил тус аймагт нэн шаардлагатай түргэн тусламжийн 7 автомашин, суурин рентген аппарат, хэт авиан оношилгооны аппарат, мэс заслын гэрэл, амьсгалын аппарат, ЭХО аппарат зэрэг тоног төхөөрөмжөөр хангах, Баянцагаан, Цээл сумын Эрүүл мэндийн төвийн барилгын засварыг энэ ондоо багтаан хийж гүйцэтгэхээр ажиллаж байгаа талаар Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг мэдээллээ.
Түүнчлэн эрүүл мэндийн салбарт анх удаа “Элэг бүтэн Монгол” Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд элэгний С вирүсийн эмийн эмчилгээнд 210 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлж, С вирүсгүй Монгол болохын төлөө ажиллаж байгаа, мөн элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэн суулгах хагалгааг төрөөс санхүүжүүлдэг болох гэж байгаа, гемодиализийн эмчилгээг төр, хувийн хэвшлийн түншлэлээр улсаас зардлыг нь хариуцан хийдэг болсон, Монголд эмчлэгддэггүй 39 өвчнөөс жил бүр 7 өвчнийг эх орондаа эмчилдэг болохоор ажиллаж байгаа, улсын хэмжээний түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлийг хийж, ард түмэндээ хүрч үйлчилж байгаа талаар танилцуулсан нь иргэдийн талархлыг хүлээв.
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ, бодлогын түвшинд аймаг, сум, өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ихээхэн анхаарч, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “хэнийг ч орхигдуулахгүй байх” гэсэн зарчмын дагуу тусламж, үйлчилгээг хүргэхийг зорин, сорьц тээвэрлэлтийг нэвтрүүлж, телемедициний сүлжээг ашиглан эмнэлгийн тусламжийг шуурхай үзүүлэхийг зорьж байна гэв.