Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Кикүчи Минорү-г хүлээн авч уулзан, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг буюу ЖАЙКА-тай хамтран эрүүл мэндийн салбарт төслийн бус буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагаа болон “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдал” зэрэг олон үр дүнтэй төслүүдийг хэрэгжүүлж байна.
Мөн АШУҮИС-ийн сургалтын эмнэлэг баригдаж байгаатай холбогдуулан эмнэлгийн менежмент болон япон эмнэлгийн үйлчилгээг нэвтрүүлэх, яаралтай тусламж үйлчилгээг сайжруулах төслийг хэрэгжүүлэхээр ажлын хэсгийн уулзалтуудыг хэд хэдэн удаа зохион байгуулсан юм.
Цаашид хоёр улсын Эрүүл мэндийн яамд хоорондын албан ёсны хамтын ажиллагааг эхлүүлэхээр санал солилцож байна.