Дэлхийн эрүүл мэндийн 64 дүгээр чуулган 2011 оны 5 дугаар сарын 16-24-ний өдрүүдэд Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо чуулж байгаа ба Монгол Улсын Эрүүл мэндийн сайд С.Ламбаа тус чуулганд 2011 оны 5 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд оролцоод эх орондоо буцаж ирлээ. Тэрбээр чуулганы 2 дахь өдөр буюу 5 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж чуулганы нэгдсэн хуралдаанд итлгэл тавьлаа.
Энэ жилийн хувьд Дэлхийн эрүүл мэндийн чуулганы үндсэн сэдэв нь халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах асуудал бөгөөд Эрүүл мэндийн сайд С.Ламбаа Монгол улсын Засгийн газрын зүгээс энэ чиглэлээр баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид хийхээр төлөвлөж байгаа асуудлуудын талаар илтгэлээ. Илтгэлд халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах асуудлаар дэлхий нийтийн хэмжээнд улс орнууд ДЭМБ-ын хүрээнд хамтарч тууштай арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар тодорхой санал дэвшүүлсэн байна.
Чуулган энэ сарын 24-ний өдрийг дуустал үргэлжлэх ба хороодын болон нэгдсэн хуралдаанаар ДЭМБ-ын санхүүжилт, удирдлага болон эрүүл мэндийн өргөн хүрээ бүхий асуудлуудыг авч хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудлуудаас манай төлөөлөгчид хүүхдийн осол гэмтэл, ХДХВ/ДОХ-ын стратеги, дархлаажуулалт, нярай болон бага насны хүүхдийн хоол тэжээл, хуурамч эмтэй тэмцэх зэрэг асуудлаар засгийн газрын байр суурийг илэрхийллээ. Чуулганы дараагаар 2011 оны 9 дүгээр сард Нью-Йорк хотноо чуулах НҮБ-ын Ерөнхий Ассемблейн дээд хэмжээний уулзалтаар халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах асуудлыг авч хэлэлцэх бөгөөд ДЭМБ дээрх хуралдааны бэлтгэл ажлыг хангах чиглэлд ажиллаж байна.