Эх нярайн Зайн оношлогооны төслийн Төгсгөлийн үе шатны төслийн баримт бичигт санал оруулах зөвлөгөөн ЭМЯ, Их хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо, ЭМХТ, НЭМГ, ЭХЭМҮТ, Нийслэлийн амаржих газрууд, АШУҮИС, Зүрхний төв болон Санте Суд-ын төсөл зэрэг байгууллагын оролцоотой 2017 оны 2-р сарын 23-ний өдөр боллоо. Оролцогчид төслийн баримт бичгийн дэмжиж, төслийг амжиллтай хэрэгжүүлэхэд бүхий л талын оролцоо, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм. Төслийн үйл ажиллагаанд улсын дийлэнх төрөлт явагддаг Нийслэлийн алслагдсан дүүргийн нэгдсэн эмнэлэг, амаржих газрын оролцоог нэмэгдүүлэх, зарим зорилт, шалгуур үзүүлэлтийн томъёоллыг оновчтой болгох зэрэг үнэтэй саналууд гарлаа. Төсөл нь Люксэнбүргийн Их вант улс, НҮБ-ын болон МУЗГ-ын 3 сая ам долларын санхүүжилтээр 2 жил үргэлжлэх юм.
Энэхүү арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн оролцлоо. Тэрээр эх, нярайн зайн оношлогооны төсөл нь 2007 оноос эхэлж 2 үе шаттай амжилттай хэрэгжиж ирлээ. Тус төслийг бид Монгол улсын эхийн, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах Мянганы хөгжлийн зорилтыг биелүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан гэж үнэлсэн юм. ЭМЯ-ны дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хүн амын сан энэ төслийг анх санаачилж, Зүрх судасны зайн оношлогооны төсөлтэй хамтран хэрэгжүүлж зохих үр дүнд хүрсэн тул үндсэн санхүүжүүлэгч болох Люксембургийн Их Вант улсын засгийн газар 2017-2018 онд хэрэгжих төслийн төгсгөлийн үе шатыг үргэлжлүүлэн санхүүжүүлэх болсонд НҮБ-ын Хүн амын сан болон Люксембургийн Засгийн газарт Эрүүл мэндийн яамны нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэлээ. Мөн түүнчлэн Эх, нярайн эрүүл мэндийн асуудал манай яамны болон төр засгийн анхаарлын төвд үргэлж байдаг асуудлын нэг юм. 2015 онд эхийн эндэгдлийн харьцаа 100 мянган төрөлтөд 26 буюу түүхэнд байгаагүй түвшинд хүртэл буурсан хэдий ч 2016 онд энэ нь 48.6 болон өссөн нь амжилтаа тогтоон барихын тулд бид анхаарлаа яасан ч сулруулж болохгүйг анхааруулж байна. Иймээс ч бид цаашид эхийн эрүүл мэндэд оруулах хөрөнгө оруулалтыг үргэлж нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцлов.