Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхэд эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагдаж байх нь чухал байдаг. Энэ ч үүднээс ЭМЯ, ДЭМБ-аас өнөөдөр анхан шатны тусламж үйлчилгээ, олон нийтийн дунд мобайл-технологи ашиглан тэр болгон эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж чаддаггүй алслагдсан, хөдөлгөөнт ба эмзэг бүлгийн хүн амд халдварт ба халдварт бус өвчний эрт оношилгоог мобайл технологи ашиглан гэрт нь очиж үзлэг оношилгоо хийх төслийг амжилттай хэрэгжүүлээд байна. Төслийг Өмнаговь аймгийн 3 сум, Сонгиохайрхан дүүргийн 2 хороонд хэрэгжүүлсэн ба БНСУ-ын олон улсын эрүүл мэндийн байгууллага, тус улсын иргэний сан ТББ-ийн санхүүжилтээр нийт 145 мянган ам.долларын тоног төхөөрөмж шилжүүлэн өгч байгаа бөгөөд сүрье өвчний түргэвчилсэн оношлүүр болох GeneXpert-ыг Эрүүл мэдийн дэд сайд Л.Бямбасүрэн, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я. Буянжаргал, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Су Нюунт У нар Өмнөговь, Сонгионхайрхан дүүргийн Эрүүл мэндийн газрын дарга нарт гардуулан өглөө.
Энэ үеэр эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн хэлэхдээ Хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж,үйлчилгээг тэдний эрэлт хэрэгцээнд тулгуурлан аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, нотолгоонд суурилсан оношилгоо, эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлэх, үйлчлүүлэгчээ дагасан зохистой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх замаар тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан дундаж наслалтыг уртасгахад зорьж ажиллаж байна. Энэхүү төсөл нь орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх үзэл баримтлалын хүрээнд эрүүл мэндийн анхан шатны болон олон нийтийн түвшинд мобайл технологийг нэвтрүүлэх замаар хүн амын, тэр дундаа эмзэг бүлэг, төвөөс алслагдан амьдарч буй иргэдийн эрүүл мэндийн байдлыг сайжруулах зорилготой. Энэхүү боломжийг олгосон ДЭМБ, Солонгосын олон улсын эрүүл мэндийн сан болон Солонгосын иргэдийн сангийн хамт олонд Монгол улсын эрүүл мэндийн салбарын хамт олны өмнөөс талархал илэрхийллээ.