Монгол улсад цус судлалын салбарыг үндэслэгч, Цус судлалын анхны эрдэмтэн, Монгол Улсын Ардын Эмч, Эрүүлийг Хамгаалахын Гавъяат Ажилтан, АУ-ны доктор, профессор, академич, бидний хайртай багш Чойжилжавын Цэрэннадмид нь 2017 оны 2-р сарын 21-ны өдөр өвчний учир таалал төгсөж гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, шавь нар, Монгол улсын эрүүл мэндийн салбар төдийгүй Монголын ард түмэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Ч.Цэрэннадмид нь 1930 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн. 1944-1950 онд Офицерийн сургууль, 1949-1954 онд МУИС-ийн Хүн эмнэлгийн факультетийг тус тус онц төгсөж байв. Тэрээр хөдөлмөрийн гараагаа сумын эмчээр эхэлсэн бөгөөд 1955-1957 онд Баянхонгор аймагт сумын эмч, аймгийн ерөнхий эмчээр, 1955-1961 онд Улсын Төв Больницын тасгийн эрхлэгч, МУИС-ийн Хүн эмнэлгийн факультетийн багш, орлогч деканаар ажиллаж байгаад 1964 онд ЗСБНХУ-ын Москва хотноо АУ-ны докторын зэрэг хамгаалжээ. Улмаар 1964-1973 онд Засгийн газрын Тусгай эмнэлгийн эмнэлэг эрхэлсэн орлогч, ерөнхий эмч, 1973-1985 онд АУДС-ийн тэнхмийн эрхлэгч, эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор, 1985-1990 онд БНМАУ-ын Эрүүлийг Хамгаалах Яамны сайд, 1990 оноос УКТЭ, Клиникийн Нэгдсэн II, III эмнэлгүүдийн дотрын ерөнхий зөвлөх, ЭМШУИС-ийн тэнхмийн эрхлэгч, профессор багшаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд гарчээ.
Ч.Цэрэннадмид нь Монголын цус судлалын салбарын хөгжлийн төлөө өөрийн ухамсарт амьдралаа зориулж, сумын их эмчээс эхлэн яамны сайд хүртэл алба хашиж эрүүл мэндийн салбарт 50 гаруй жил эмч, зөвлөх эмч, багш, эрүүл мэндийн удирдах ажилтнаар ажиллахдаа 13000 гаруй эмч, эрүүл мэндийн ажилтнуудын багш нь байж, 100 гаруй мянган өвчтнийг эмчлэн илааршуулж, зөвлөгөө өгсөнөөс гадна Монгол улсад оношлогдож байгаагүй 20 гаруй өвчин, эмгэгийг шинээр оношлож, 8 хүний анагаах ухааны докторын ажил, нэг хүний шинжлэх ухааны доктор, 16 хүний магистрын ажлыг удирдаж байв. Тэрээр дангаараа болон хамт олноороо нэг сэдэвт бүтээл, сурах бичиг, гарын авлага 16, эрдэм шинжилгээний өгүүлэл 67 туурвиснаас гадна 44 ном, гарын авлага хянан тохиолдуулж байлаа.
Түүний эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмрийг Монгол улсын төр өндрөөр үнэлж Ардын хувьсгалын 50, 60, 70, 80 жилийн ойн медалиуд, Эрүүл хамгаалахын, Ардын боловсролын, Шинжлэх ухааны академийн, Монголын улаан загалмайн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж, 1971, 1981 онуудад “Алтан гадас” одонгоор 2 удаа, 1999 онд “Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан” цол тэмдэг, 2005 онд “Монгол улсын ардын эмч” цолоор тус тус шагнаж байжээ. Түүний нэр алдрыг мөнхөлж ЭМЯ, АУИС, УНТЭ, УХТЭ, УГТЭ-ийн хүндэт дэвтэрт нэрийг нь бичиж алдаршуулж байв.
Талийгаачийн улс орныхоо төлөө зүтгэсэн нөр их хөдөлмөр, шулуун шударга, ажилч хичээнгүй, төлөв даруу, нөхөрсөг зан чанар бидний сэтгэлд үүрд дурсагдах болно.
Түүний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, ах дүү, хамаатан садан, найз нөхөд, шавь нарт нь гүн эмгэнэл илэрхийлье.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ