Сургалтанд Нийслэлд үйл ажиллагаагаа явуулж буй 142 Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, өрхийн эмч нар, 9 дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн ерөнхий мэргэжилтэн нар, дүүргийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ хариуцсан хүүхдийн эмч нар бүхий нийт 310 хүн хамрагдлаа. Өрхийн эмч нарын хүүхдийн эрэмбэлэн ангилах, яаралтай тусламж үзүүлэх мэдлэг, ур чадварыг сайжруулах, түүнчлэн ЭХЭМҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын албаны “Алдааны сан”-д бүртгэгдсэн хүүхдийн практикт элбэг тохиолдож буй хүүхдийн эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж үйлчилгээтэй холбоотой “гадаад алдаа”-ны мэдээлэлтэй танилцах, бусдын алдаанаас суралцах орчин бүрдүүлэх зорилготойгоор зохион байгуулагдав. Сургалтын нээлтийг НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш удирдан явуулав. Сургалтын нээлтэнд ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Мөнхдэлгэр нар хэлсэн үгэндээ өрхийн эмч нарын хүүхдийн эрэмбэлэн ангилах, яаралтай тусламж үзүүлэх мэдлэг, ур чадвар сайн байснаар хүүхдийн эндэгдэл буурахын чухлыг онцлон тэмдэглээд, энэ сургалт нь багийн үйл ажиллагааг харуулж НМХГ, ЭХЭМҮТ, НЭМГ хамран зохион байгуулж байгааг дурдаад, сургалтанд амжилт хүссэн юм. Түүнчлэн Хүүхдийн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн хамт олон оролцогсдод тус тасгийн үндсэн үйл ажиллагаа, зүрх амьсгалын сэхээн амьдруулалтын бэлэн байдал, хүүхдэд эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж үзүүлж буй бодит үйл ажиллагаатай танилцлаа.
Сургалтын төгсгөлд хүүхдийн эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга замын талаар ярилцлаа. НМХГ-ын эмчилгээ, чанарын хяналтын ахлах байцаагч Б.Байгалмаа сургалтын үйл ажиллагааг хааж хэлсэн үгэндээ сургалт нь хүүхдэд эмнэлгийн тусламж үзүүлдэг эрүүл мэндийн байгууллагуудын эмч, эмнэлгийн мэргэжилтэн хүн нэг бүрийн мэдэж байх сэдвээр хийгдэж байгаа, өвчлөл, ачаалал нэмэгдсэн үед хүүхдэд чанартай тусламж үзүүлэхэд богино хугацаанд эрэмбэлэн ангилахын ач холбогдлыг дурдаад, эмнэлгүүдийн Чанарын албанд бүртгэгдсэн “гадаад алдаа”- г эрэмбэлэн ангилж, тэдгээрт дүн шинжилгээ хийж, алдааг давтуулахгүйн тулд бусдын алдаанаас суралцах орчин бүрдүүлэн ажиллаж байхын чухлыг цохон тэмдэглэв.