Австрали Улсын Засгийн газрын санаачлагаар Монгол Улсад хэрэгжиж буй “Эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөр” -ийн төслийн арга хэмжээ 2 дугаар сарын 9-ний өдөр боллоо.
Энэхүү арга хэмжээг нээж Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Жон Лангтри нар үг хэллээ.
Сайд А.Цогцэцэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тэргэнцэр хандивлах энэхүү үйл ажиллагаа нь эдгээр хүүхдүүдэд болон тэдний эцэг эхчүүдэд сэтгэлийн дэм, урам зориг өгсөн сайхан үйл болохыг онцлон хэлээд, энэхүү үйл ажиллагааг дэмжиж байгаагаа мэдэгдэн өөрийн зүгээс нэг сарын цалингаа хандивлалаа.
"Эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөр" нь нийгэмд эерэг өөрчлөлт авчрах зөв зүйтэй санал санаачилга, төслүүдийг дэмжин ажилладаг бөгөөд энэ удаагийн арга хэмжээ нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан Австрали улсаас 332 тэргэнцэр тээвэрлэн авчирч, Сонгинохайрхан дүүргийн өрх толгойлсон эцэг, эхтэй, амьдралын боломж тааруу болон тусгай сургуулиудын 60 хүүхдэд одоо байгаа тэргэнцрийг биед нь зохих шаардлагын дагуу тааруулж, 3 сарын витамины хэрэгцээг нь хангаж, эмчийн үзлэг, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг дэмжих явдал байв.