Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Зүүн Азийн газрын захирал Аюуми Кониши Монгол Улсад айлчилж, тус банкны санхүүжилтээр манай улсын эрүүл мэндийн салбарт хэрэгжсэн болон хэрэгжиж буй төслийн үйл ажиллагаатай танилцаж байна.
Энэхүү ажлынхаа явцад өнөөдөр Ноён Аюуми Кониши Цус сэлбэлт судлалын үндэсний төв (ЦССҮТ)-д зочилж “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” (“ЭМСХХ-5”) төслийн хүрээнд тус төвд ханган нийлүүлсэн тоног төхөөрөмж, цусны албанд шинээр нэвтэрч буй технологиудтай танилцан, төслийн үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж сайшаалаа.
Харин Эрүүл мэндийн сайд А. Цогцэцэг тус уулзалтын дараа ЦССҮТ-ийн удирдлага, холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж, тулгамдаж буй асуудлыг нь сонсож, ирэх онуудад хийгдэх ажлын талаар санал солилцов. Тухайлбал, Хүйн цусны банк байгуулах, биобэлдмэлийн үйлдвэрлэл явуулах чиглэлээр ЭМЯ-аас ажлын хэсэг томилж, шийдвэрлүүлэхээр боллоо. Мөн шинэ технологиуд дээр ажиллах эмч, мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэх чиглэлээр ярилцав.
Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд А. Цогцэцэг, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я. Буянжаргал, ЦССҮТ-ийн захирал Н. Эрдэнэбаяр, “ЭМСХХ-5” төслийн зохицуулагч А.Мөнхтайван, “ЭМСХХ-5” төслийн менежер Р.Эрдэнэтунгалаг нар оролцлоо.