Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн Газрын захирал ноён Аюуми Кониши болон түүний багийнхантай уулзаж ирэх жилүүдэд хамтран хэрэгжүүлэх ажлынхаа талаар санал солилцлоо.
Сайд ярианыхаа эхэнд Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд АХБ-ны оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж явдгаа тэмдэглэн хэлээд, 1997 оноос эхлэн хэрэгжсэн “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр” төслүүд үргэлжилж, өнөөгийн байдлаар АХБ-ны буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр ЭМСХХ-IV, IV+, V төслүүд, мөн Техникийн туслалцааны 3 төсөл амжилттай хэрэгжиж байна гэв. Сүүлийн жишээ гэвэл, АХБ-ны дэмжлэгээр Цусны төвийн засвар үйлчилгээг хийж, банкуудыг байгуулснаар өнөөдөр олон улсын стандартын дагуу ажиллаж байна.
Түүнчлэн тэрээр Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ 2017-2020 онд АХБ-тай хамтран хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний саналыг ЭМЯ-ыхаа түвшинд ярилцаад ЭМСХХ-VI төсөл, Техникийн туслалцааны 2 төслийн саналыг Сангийн яамаар дамжуулан АХБ-нд өнгөрөгч 12 дугаар сард тавьсан талаар дурдаж, АХБ-ны зүгээс тус саналыг дэмжиж ажиллахыг хүслээ.
АХБ-ны Зүүн Азийн Газрын захирал ноён Аюуми Кониши мөн уулзаж байгаадаа талархалтай байгаагаа илэрхийлээд Монгол Улсын эрүүл мэндийн салбартай хамтран ажиллаж байгаадаа баяртай байдаг гэв. Тэрээр цааш хэлэхдээ, АХБ-ны зүгээс Монгол Улсад ирэх дөрвөн жилд жил бүр 300 сая ам.долларын санхүүжилтийг олгохоор төлөвлөж байгаа. Үүний хагасыг нь дэмжлэг хэлбэрээр олгож, ялангуяа эрүүл мэндийн салбарыг дэмжин ажиллана гэв.
Мөн ноён Аюуми Кониши зорилтот бүлэгт нийгмийн халамжийг хүргэх, агаарын бохирдлын асуудлаар дорвитой ажлыг Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрэхийн төлөө ажиллах хүсэлтэй байгаагаа цохон хэллээ.
Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг ноён Аюуми Кониши-д хандан эрүүл мэндийн салбарыг хамгийн чухал гэдэгтэй санал нийлж, дэмжин ажиллаж байгаад талархалтай байна гээд, ЭМСХХ-VI төслийн хүрээнд Улаанбаатар хотын болон алслагдсан аймгийн иргэдэд үзүүлэх өрхийн болон дүүргийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах зорилгоор шинээр 10 сум, ӨЭМТ, нэг Дүүргийн эмнэлэг, Ховд аймагт БОЭТ-ийн эмнэлэг байгуулах зэрэг томоохон ажлууд үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн ноён Аюуми Кониши тоног төхөөрөмжийн хуваарилалт оновчтой байх нь чухал, мөн орон нутгийн түргэн тусламжийн автомашины хүрэлцээг нэмэгдүүлэх хэрэгтэй санагдсанаа дуулгалаа.
Харин сайдын зүгээс орон нутгийн эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийн ашиглалтад үнэлгээ хийж дахин хуваарилалт хийж байна. Мөн нийт сумдын 60 гаруй хувьд түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлийг хийхээр болсон талаар хэллээ.