Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв нь Монгол хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, өвчин эмгэг, осол гэмтэлд хүргэж буй нийгэм, эдийн засаг, орчны хүчин зүйлээс сэргийлэх, шалтгаан, үр дагаврыг арилгах, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэхээр ажиллаж ирсэн юм.
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр тус төвийн хамт олонтой уулзаж, үйл ажиллагаатай нь танилцан, нийгмийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, цаашид хөгжүүлэх арга зам болон бодлогын түвшинд хэрхэн ажиллах талаар мэдээлэл өглөө.
Сайд хэлэхдээ, Монгол Улсын хүн амын өвчлөлийг бууруулж, эмнэлгийн ачааллыг багасгахад урьдчилан сэргийлэх анагаах ухааныг хөгжүүлэх нь нэн чухал гээд, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг улсын хэмжээнд сайжруулж, шинэ шатанд гаргахаар ажиллаж байна гэв.
Мөн тэрээр баялаг түүхтэй биобэлдмэл үйлдвэрлэлийг сэргээх асуудлаар нөхцөл байдалтай нь танилцаж, салбарын зүгээс онцгойлон анхаарахаа хэллээ.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв нь анх 1968 онд “Эрүүл ахуй, Халдвар, Нян судлалын Улсын институт” нэртэйгээр байгуулагдаж, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг ариун цэвэр, эрүүл ахуй, халдвар судлалын чиглэлээр зохион байгуулж ирсэн.
НЭМҮТ нь 70 эрдэм шинжилгээний ажилтан, 20 эрдэмтэн доктор, 20 захиргааны нийт 110 ажилчидтайгаар “НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ” ажиллаж байна.