Олон нийтийг дайчлах, тэднийг идэвхжүүлэх нь хүн амын эрүүл мэндийг дэмжих, эрүүл мэндийн болон нийгмийн өмнө тулгамдаж байгаа бусад асуудлуудыг шийдвэрлэх өртөг зардал бага шаардах үр дүнтэй үйл ажиллагаа юм. Иймээс олон нийттэй ажилладаг бодлого боловсруулагчид, удирдагчид манлайлагчид, орон нутгийн удирдлага, мэргэжлийн бүлгийнхэн, шашны бүлэг, арилжаа наймаа эрхлэгчид, идэвхжүүлэгчид, сайн дурынхан болон олон нийтийн энэ талаархи мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор
“Олон нийтийг дайчлах чадавх бэхжүүлэх” сургалтыг 2011 оны 05 дугаар сарын 11-13 ны өдрүүдэд Сонгино-Хайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газруудтай хамтран АХБ-ны “Улаанбаатар хотын эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах” Техник туслалцааны төслөөс зохион байгуулж байна. Сургалтад Улаанбаатар хотын Сонгино-Хайрхан, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн дээрх төслөөр сонгогдсон 10 хорооны нийт 100-аад хэсгийн ахлагч нар, хөгжлийн нийгмийн ажилтанууд, хороон засаг дарга нар оролцож байна. Дүүргүүдийн Засаг даргын тамгын газрын зүгээс хэсгийн ахлагч нарыг чадавхжуулах энэхүү сургалтыг зохион байгуулж байгаад цаг үеэ олсон хэмээн олзуурхан дэмжиж, идэвхтэйгээр хамтран ажиллаж байна. Хүн амд ялангуяа эмзэг бүлгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд хороодын удирдлагууд, хөгжлийн нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч, хэсгийн байцаагч болон өрхийн эмнэлгийн эмч мэргэжилтнүүд чухал үүрэг гүйцэтгэдэг. Сургалтаар тэдний олон нийтийг дайчлах болон зан үйлийг өөрчлөх харилцааны талаарх мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх зорилгоор зан үйл, зан үйлийн өөрчлөлтийн үе шатуудын талаар цогц мэдлэг олгож, олон нийтийг дайчлах, тэднийг идэвхжүүлэх арга барилын талаарх мэдлэгийг нэмэгдүүлж, идэвхжүүлэх чадвар эзэмших боломжийг бүрдүүлэх зорилготой хэмээн зохион байгуулагчид үзэж байна.
Мөн дүүрэг, хороод, эрүүл мэндийн байгууллага болон ТББ-ын түншлэл, хамтын ажиллагаа ч сайжрах юм.
Олон нийтийг дайчлах ур чадвар нэмэгдүүлэх зөвлөх баг нь Улаанбаатар хотын эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах Техник туслалцааны төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд эмзэг бүлгийн хүн амын эмнэлэгт хандах зан үйл, нөлөөлж буй хүчин зүйлс ба эрүүл мэнд нийгмийн мэдээллийн хэрэгцээг судалж, судалгааг үндэслэн эрүүл мэндийн мэдээлэл сургалт, сурталчилгаа явуулах, эрсдэлт зан үйлийг өөрчлөх харилцааны стратегийг боловсруулан ажиллаж байгаа аж.
“Улаанбаатар хотын эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах” Техник туслалцааны төсөл нь 4 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд үүний үр дүнд Чингэлтэй, Сонгино-Хайрхан, Баянзүрх дүүргүүдийн эмзэг бүлгийн 30000 хүний хувьд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж ялангуяа анхан шатны түвшинд сайжирсан байхаар төлөвлөж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 462446, 99088148