“ЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АРВАН ЖИЛ” хэвлэлийн хурал 2011 оны 5 дугаар сарын 10-нд ЭМЯ-ны Мэдээлэл сургалтын төвд болов. Хуралд Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, ЗТБХБ-ын дэд сайд Т.Пүрэвдорж, Замын цагдаагийн газрын дарга Х.Энхжаргал, ДЭМБ-ын суурин төлөөлөгч доктор Виват, ММСС-гийн Эрүүл мэндийн төслийн захирал А.Мөнхтайван нар оролцож мэдээлэл хийлээ. Дэлхийд, тэр дундаа бага, дунд орлоготой улс орнуудад зам тээврийн осол гэмтлийн шалтгаант нас баралт нэмэгдэж, өндөр орлоготой улс орнуудад ч гэсэн
зам тээврийн осол гэмтлийн шалтгаант нас баралт тээврийн бусад хэрэгсэлтэй холбоотой нас баралтаас үлэмж их байгаа юм. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 2010 оны А/RES/64/255 шийдвэрээр 2011-2020 оныг “Замын аюулгүй байдал - арван жил” болгон зарлаж, гишүүн орнууддаа идэвхитэйгээр хамтран ажиллах талаар уриалга гаргасан байна.
2011 оны 5 дугаар сарын 11 ний өдөр НҮБ-ын гишүүн бүх улс орон “Замын аюулгүй байдал - арван жил”-ийн нээлтийн ажиллагааг зохион байгуулж байна. Манай орон дэлхийн бүх улс орнуудтай мөр зэрэгцэн энэ үйл ажиллагааны нээлтийг хийж байна.
Монгол улс дахь осол гэмтлийн өнөөгийн байдал:
Улсын хэмжээнд 2008 оны эрүүл мэндийн үзүүлэлтээр 18,9 хувь нь зам тээврийн осол, 15,4 хувь нь амиа хорлох, 12,4% нь архины шалтгаант осолт хордлого, 48,1% нь усанд живэх, унаж гэмтэх, хүчирхийлэл бусдад хорлогдох зэрэг байдлаар нас барсан байна.
Манай улсад осол, гэмтлээр нас барсан хүний тоо
- 1990 онд 792
- 1995 онд 1406
- 1999 онд 1862
- 2008 онд 3500 болж эрс өсчээ.
Осол гэмтлийн тохиолдол 25-29 насны залуучуудын зонхилж байгаа ба эрэгтэйчүүд осолд өртөх нь эмэгтэйчүүдээс 2,2 дахин их, үүнд амиа хорлох нь 7, бусдад хорлогдох нь 5, зам тээврийн осолд өртөх нь 5 дахин их байна. Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн 80 орчим хувийг 0-14 насныхан эзэлж байгааг анхааралдаа авах шаардлагатай. Зөвхөн 2011 оны нэгдүгээр улиралын байдлаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас улсын хэмжээнд 58 хүн нас барж, 193 хүн гэмтсэн тоо нь урьд оныхтой харьцуулахад нас баралт 5,5 хувиар, гэмтсэн хүн 20,6 хувиар тус тус өссөн үзүүлэлт гарсан.
Зам тээврийн осол гэмтлийн улмаас нийгэм, эдийн засагт учруулж буй хохирлыг үндэсний нийт бүтээгдэхүүнд ноогдох байдлаар авч үзвэл:
- Бага орлоготой орнуудын үндэсний нийт бүтээгдэхүүний 1%
- Дунд орлоготой орнуудын ҮНБ-ий 1,5%
- Өндөр орлоготой орнуудын ҮНБ-ий 2 % нь зам тээврийн осол гэмтлийн улмаас нийгэм, эдийн засагт учруулж буй хохирлыг арилгахад зарцуулж байна.
Манай оронд тээврийн хэрэгслийн тоо 2000 онтой харьцуулахад 2 дахин нэмэгдсэн байна. Зөвхөн нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 140 000 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна. Автозамын сүлжээ дорвитой хөгжөөгүй, том оврын автобусны тоо эрс цөөрч, бага оврын автобус үйлчилгээнд өргөн оролцох болсон, хотын замын хөдөлгөөний бөглөрөл, саатал их байгаа, жолооч нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцох, хурд хэтрүүлэх зэрэг нь зам тээврийн осол үүсэх гол шалтгаан болж байна.
Зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх арга замууд:
- Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх
- Хурд хэтрүүлэхгүй байх
- Хамгаалах бүс тогтмол хэрэглэх
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмээ биелүүлэх
- Бага насны хүүхэд, ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг зам хөндлөн гарахад нь туслах
ЭМЯ-аас цаашид авч хэрэгжүүлэх бодлого:
- Осол гэмтлийн үед үзүүлэх тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах,
- Яаралтай тусламжийн тогтолцоог бэхжүүлэх
- Иргэд, ялангуяа жолооч нарт ослын үед үзүүлэх тусламжийн мэдлэг олгох, үүнийг сургалтын хөтөлбөрт тусгах
- Иргэдэд осол гэмтлээс сэргийлдэхэд чиглэсэн эрүүл мэндийн сурталчилгааг өргөжүүлэх
- Ослын үеийн мэдээ мэдээлллийн урсгалын боловсронгуй болгох
- ГССҮТ-ийг тандалт судалгааны чиглэлээр өргөжүүлэх
- Төрийн болон төрийн бус байгууллагын уялдаа холбоогоо сайжруулах
Нэмэлт мэдээлэл:
2009 оны 11 дүгээр сарын 19-20-нд Москва хотноо Зам тээвэр, эрүүл мэнд, боловсрол, аюулгүй байдлын салбарын сайд, төлөөлөгчдийн уулзалт болж, замын аюулгүй байдлын арван жилийг зарлахыг Ерөнхий Ассамблейд санал болгосон тунхаглал гаргасан байна. Нийгмийн эрүүл мэндийн энэхүү тулгамдсан асуудлын нийгмийн болон эдийн засгийн өргөн хүрээний үр дагаврыг багасгах арга хэмжээ аваагүй тохиолдолд улс орнуудын тогтвортой хөгжил, Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй болоод байгаа юм.
Гишүүн орнууд Зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх тухай дэлхийн тайланг замын аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаандаа арга зүйн удирдлага болгож, зөвлөмжүүдийг нь хэрэгжүүлэх, ялангуяа согтууруулах ундаа болон бусад мансууруулах бодис хэрэглэсэн үедээ жолоо барих, суудлын даруулга, хүүхдийн зориулалтын суудал болон хамгаалалтын малгай ашиглахгүй байх, хурд хэтрүүлэх зэрэг үндсэн эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, замын аюулгүй байдлын удирдлагыг бэхжүүлэх, явган зорчигч, дугуйчид, мотоциклчид зэрэг өртөмтгий бүлгийн замын хөдөлгөөнд оролцогчдын хэрэгцээнд онцгой анхаарах, зам тээврийн осолд өртөгсдөд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулах шаардлагатайг онцолсон байна.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 2010 оны А/RES/64/255 шийдвэрээр 2011-2020 оныг “Замын аюулгүй байдал - арван жил” болгон зарлаж, арван жилийн гол зорилгыг дараахи байдлаар тодорхойлов:
- Бүх улс орнууд өөрийн стратеги төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, үүнд Засгийн газрууд манлайлах үүрэгтэй оролцох
- Дэлхийн замын аюулгүй байдлын хямралыг зөвхөн улсын болон хувийн хэвшлийн бүх оролцогч тал, иргэний нийгмийн оролцоо, түншлэл, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлан даван туулах
- Зам тээврээс үүдэлтэй осол гэмтлээс сэргийлэх талаар үндэсний, бүсийн болон дэлхийн хэмжээнд хэрэгжүүлж буй шинэ шинэ санаачилгууд, туршлагууд, тулгуурласан үйл ажиллагааг эрчимжүүлэх замаар зам тээврийн осол гэмтлийн шатлгаант нас баралтыг тогтворжуулж, улмаар бууруулах
- Замын аюулгүй байдлын удирдлага, замын дэд бүтэц, тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, замын хөдөлгөөнд оролцогчийн зан үйл, замын аюулгүй байдлын боловсрол, зам тээврийн осол гэмтлийн үед үзүүлэх тусламж үйлчилгээ, хөдөлмөрийн чадвар алдсан хохирогчдын нөхөн сэргээлт зэрэг асуудлуудад онцгой анхаарах
- Бодлогын ба эрхзүйн орчин, дэд бүтэц бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хөгжиж буй улс орнуудад зам тээврийн осол гэмтлийг бууруулах зорилгоор нийтийн тээврийн тогтвортой үйлчилгээ бий болгоход олон улсын санхүүгийн байгууллага, бүсийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтыг чиглүүлэх
- Боловсрол, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшил, мэргэжлийн нийгэмлэг, Улаан загалмай нийгэмлэг, хохирогчдын эрх ашгийг хамгаалах байгууллага, залуучуудын байгууллага зэрэг төрийн бус байгууллага, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн хэрэгслийн салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх