Анхан шатны нэгжид ажиллаж байгаа багийн эмч нарт эрүүл мэндийн Сайдын албан даалгавар, стандарт, удирдамжийн хэрэгжилтийг хангах, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, эх, хүүхдийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр чадавхижуулах сургалтыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Сургалтын хөтөлбөрийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаар баталгаажуулан, тус яамны холбогдох мэргэжилтнүүд, аймгийн ЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүд батлагдсан хөтөлбөрийн дагуу 1 өдрийн танхимын сургалтыг явууллаа. Сургалтыг нээж ЭМЯамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат үг хэлж, Монгол орны эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл хийсэн. Аймгийн ЭМГ-ын дарга С.Мөнхтуяа сургалтын зорилго, хөтөлбөрийг оролцогчдод танилцуулав.
Хөтөлбөрийн дагуу “Аймгийн хэмжээний эх барих, эмэгтэйчүүд, хүүхдийн тусламж үйлчилгээ, эрх зүйн орчин, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам”, “Хүүхэд, өсвөр үеийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ”, “Тусламж үйлчилгээний чанар, Магадлан итгэмжлэлийн асуудалд багийн эмчийн оролцоо”, “Эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж” сэдвүүдээр ЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтнүүд, аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн зөвлөх эмч лекц болон эмнэлзүйн сургалтыг хийв.
Хөтөлбөрийн дараалал ёсоор Монгол улсын УИХ-ын дарга М.Энхболд багийн эмч нарын сургалтанд амжилт хүсэж, үг хэлээд 57 багийн эмчид олгох мотоциклийн батламжийг гардуулсан юм.
Мөн энэ үеэр УИХ-ын дарга М.Энхболд, ЭМЯамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат нар Монгол улсын Засгийн газрын шагнал “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан “ цол тэмдгээр 5 эмчийг, ЭМЯамны хүндэт “Жуух бичиг”-ээр 5 эмчийг тус тус шагнан урамшуулсан. Мөн УИХ-ын дарга М.Энхболд, ЭМЯамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат нарын санаачилгаар Баяндэлгэр сумын ЭМТөвд түргэн тусламжийн автомашиныг шинээр олгож, яаралтай тусламжийн бэлэн байдлыг ханган ажиллах, тусламж үйлчилгээг цаг алдалгүй, чанартай үзүүлэхэд цаг үеэ олсон бодит ажил болсон. Сургалтанд оролцогчдод баяр хүргэж, цаг үеийн байдалтай уялдуулсан мэдээллийг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг үг хэлж, цаашид анхааран ажиллах зарим асуудлын талаар зөвлөгөө өгсөн. СЭМТ, ӨЭМТөвийн эмч нар тулгамдаж байгаа ажил болон хүсэлт, цаашид анхааран ажиллах ажлын саналыг солилцож, холбогдох мэргэжилтнүүд асуусан асуултанд хариуллаа.