“Монголын эх баригч, бага эмч нарын II чуулган” өнөөдөр болж суурь судалгааны үр дүн, зөвлөмжид үндэслэн эх барихын яаралтай тусламжийн чанарыг сайжруулах, эх барихын тусламж, үйлчилгээний бодлогын орчинг боловсронгуй болгох, өнөөгийн байдалд дүгнэлт хийж, цаашдын зорилтын талаар хэлэлцэж байна.
Тус чуулганы нээлтэд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн оролцсон бөгөөд тэрээр хэлэхдээ, эх, хүүхдийн эрүүл мэнд нь аливаа улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, анагаах ухааны хөгжлийн илэрхийлэл болдог тул Монгол улсын Засгийн газар анхаарал тавьсаар ирсний үр дүнд эхчүүдийн эрүүл мэнд сайжирч, төрөлт, цэвэр өсөлт нэмэгдэж байна. Эх, нярайн эндэгдлийг бууруулахын төлөө манай эх баригч, бага эмч нар маань эх барих, эмэгтэйчүүдийн эмч нартай хамтран, хичээн зүтгэж ажилласны үр дүнд эхийн эндэгдэл буурч, Мянганы хөгжлийн зорилтоо хэрэгжүүлсэн 9 орны нэг болоход нийт эх баригчдын оролцоо, хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр дүн тодорхой байр суурийг эзэлдэг гэдгийг онцлов.
Жирэмсэн болон төрөх, төрсний дараах үед эх, нярайд цогц тусламж, үйлчилгээ үзүүлэхэд эх баригч, бага эмч нарын оролцоо нэн чухал байдаг ба Монгол Улсын 2500 эрүүл мэндийн байгууллагад 916 эх баригч эмч ажилладаг байна.
Эх баригчдын 2 дугаар чуулганыг ЭМЯ, Монголын эх баригч, бага эмч нарын нийгэмлэгтэй хамтран НҮБ-ын Хүн амын сан, Франц улсын Санте Сюд төрийн бус байгууллагын санхүүгийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж, монгол улсын эх, хүүхдийн эрүүл мэндийн олон тулгамдсан асуудлыг хөндөн хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох юм.
Энэхүү чуулган нь 4 жил тутамд нэг болдог бөгөөд Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв дээр 12 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, Монгол орны 21 аймаг, зарим сум, Улаанбаатар хотын бүх дүүргийн эмнэлэг, эрүүл мэндийн төвөөс ажил мэргэжлээрээ шалгарсан 120 эх баригч нар оролцож байна.