Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн болон ЭМЯ-ны газрын дарга нар өнөөдөр “Монгол улсын Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бэхжүүлэх нь” техник туслалцааны төслийн үйл явцтай танилцлаа.
Төслийн багийн зүгээс харьяалагдах яамд болон төр, хувийн хэвшлийн эмнэлгийн төлөөлөл, ЭМД-ын газрын төлөөлөлд сургалт явуулж, судалгаа хийж, мөн арга зүйн болон судалгааны баримт бичгүүдийг боловсруулан ажилласан талаарх мэдээллийг өглөө.
Дэд сайд Л.Бямбасүрэн тус төслийн үр дүнтэй ажлуудыг төлөвлөн хийж буйг талархалтай хүлээн авч, ажлын явцтай нь тогтмол танилцаж байхыг хүслээ.
Тус төсөл нь эрүүл мэндийн даатгалын байгууллага болон хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, нийгмийн даатгалын системийн гүйцэтгэлийг сайжруулж, иргэдийн, ялангуяа амьдралын түвшин доогуур иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээ авах хүртээмжийг дээшлүүлэх гол зорилготой бөгөөд 2013 оны 3 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн байна.
Төслийн санхүүжилтийн зардлын 1,5 сая ам.долларыг Японы ядуурлыг бууруулах сангаас АХБ-аар дамжуулан буцалтгүй тусламжаар олгож байгаа бол МУ-ын Засгийн газраас 200 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний зардлыг гаргажээ.