Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг “Зөв боломж” ХХК-ийн ажилтнууд Үл мэдэгдэх шингэн зүйлийг архи гэж уусны улмаас хордон 23 хүн эмчлүүлж мөн ЭМЯ-наас мэргэжлийн эмч нарын баг томилон явуулсан талаар мэдээлсэн. Тэгвэл тус аймагт ажиллаад ирсэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд өнөөдөр Эрүүл мэндийн яаманд нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хуралд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, ЭТГ-ын дарга Я.Буянжаргал, ТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл, Эрүүл мэндийн яамны Хор судлалын ерөнхий мэргэжилтэн С.Юндэн, УНТЭ-ийн эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тасгийн их эмч Ц.Ганбат нар оролцлоо.
Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат “Таван хүний бүрэлдэхүүнтэй эмч нарын баг Дорнод аймагт 3 хоног ажиллаад ирлээ. Бид яаралтай арга хэмжээ авч, эрүүл мэндийн салбарын зөвлөх эмч, хор судлалын мэргэжилтнүүдээ явуулсны дүнд тодорхой цаг хугацаанд эрт илрүүлж, оношилж, бусад иргэдийг үзлэгт хамруулж чадсан гэж ойлгож байгаа. Олон жилийн өмнө Багануур дүүрэгт ийм хордлогын асуудалтай тулгарч байсан. Цаашид Эрүүл мэндийн яамнаас арга хэмжээ авч, яаралтай тохиолдол үүсэхэд туслах багийг бэлэн байлгах, тухайн газарт эмчлэх, оношлох багаж төхөөрөмж байрлуулах асуудлаар Улсын онцгой комисст асуудал тавьсан байгаа талаар хэллээ.
-“Одоогоор 17 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байна. Техникийн спиртийн холимог, метилийн спиртийн хольцтой шингэний хордлогод орсон. 15 хүний тав нь эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бол бусад нь ерөнхий эмчилгээ хийлгэж байгаа юм. Монгол Улсын стандарт заагдсан хордлого тайлах ерөнхий эмчилгээ, спиртийн хордлого тайлах, цус цэвэршүүлэх зэрэг давхардсан тоогоор 14 удаа энэ төрлийн эмчилгээ хийсэн. Хордсон иргэдийн биеийн байдал тогтвортой, сайжрах төлөвтэй байна.