Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр “Монголын анагаах ухааны залуу судлаачдын эрдмийн тавдугаар чуулган”-д оролцлоо. Тэрээр манай улсын судлаачдын бүтээл дэлхийн хэмжээнд гардаг болсон байна. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд та бүхний хийсэн нотолгоонд суурилсан судалгаа, шинжилгээ зайлшгүй шаардлагатай байдгийг хэлээд бодлогын түвшинд шинжлэх ухаан, технологийн чиглэлийн судалгааны ажлыг илүү анхаарч, бүтээлч санаачлагатай ажлуудыг нь дэмжин ажиллаж буйгаа илэрхийлэв.
Түүнчлэн тэрээр залуу судлаач нарт хандан, судалгааны ажлын үр дүн бодит амьдрал дээр хэрэгжиж л байвал, тэр судалгаа амжилттай болсон байна гэж үзэх нь зүйтэй. Тэр үед та өөрийгөө эрдэмтэн боллоо гэж ойлгоорой. Тэрнээс биш хэн нэгэн удирдагч, даргын өгсөн чиглэлээр ажиллалаа гээд эрдэмтэн болчихгүй гэдгийг захилаа.
Монгол Улсын анагаах ухааны салбарт эрдмийн зэрэг цолтой 800 гаруй судлаачид төрөн гарсан байдаг байна. Энэхүү чуулганы ач холбогдол нь залуу судлаач эрдэмтэд хоорондоо танилцан, харилцан туршлага судалж, цаашид хамтран ажиллах боломжийг нээж өгдөг юм.
“Монголын анагаах ухааны залуу судлаачдын эрдмийн тавдугаар чуулган”-ыг ЭМЯ, Монголын анагаах ухааны академи хамтран зохион байгууллаа.