Эрүүл мэндийн сайдын баталсан “Амьсгалын замын халдварт өвчний үед авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тушаалын хэрэгжилтийн дагуу өвчлөлийн нөхцөл байдалд үнэлгээ, дүгнэлт өгч, халдвараас сэргийлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохицуулах талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээг уялдуулан зохицуулах хүрээнд Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Оюунчимэг, Эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтэн М.Оюунчимэг нар Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллаа.
Мөн энэ үеэр УИХ-ын өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, болон тус байнгын хорооны гишүүн Б.Саранчимэг, М.Билэгт нар ажилласан юм.
Дүүргүүдийн эрүүл мэндийн байгууллагууд улирлын чанартай томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеийн бэлэн байдал хангах арга хэмжээний төлөвлөгөөнд тодотгол хийж, хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчийн урсгал, эмнэлгийн ачаалал сүүлийн сард харьцангуй ихсэж байгаа ч чирэгдэл гаргахгүй байхад анхаарч ажиллаж байна.
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн хувьд өвчний дэгдэлтийн үеийн оношилгоо, эмчилгээг сайжруулахад чиглэн эмнэлгийн болон өрхийн эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүдэд мөрдөгдөж байгаа удирдамж, зөвлөмжүүд, суурь болон амилуулах тусламжийн сургалт, зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, эрүүл мэндийн төвтэй цахим мэдээлээр хэвтсэн болон хүлээн авах тасгаар үйлчлүүлж буцсан үйлчлүүлэгчийн мэдээллийг солилцож байна.
Мөн өрхийн жижүүр эмч, сувилагчийн орон тоог нэмэгдүүлж, яаралтай тусламжийн тасгийн бэлэн байдлыг хангах, цэцэрлэг болон боловсролын байгууллагуудад амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаарх мэдээллийг түгээх үйл ажиллагааг зохион байгуулж байна. Ажлын хэсэг үйл ажиллагаатай нь танилцсан эрүүл мэндийн байгууллагуудад Эрүүл мэндийн сайдын 2014 оны “Томуу, томуу төст өвчний харуулдан тандалтын тогтолцоог өргөжүүлэх тухай” 358 дугаар тушаал, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах тухай” 1 дүрээр албан даалгаврын хэрэгжилтийг хангахад анхааран ажиллах үүрэг өглөө.