Дэлхийн эрүүл мэндийн байгууллатай хамтран орон нутгийн тогтолцоог бэхжүүлэхэд “Хэнийг ч орхигдуулахгүй байх” хандлагыг хэрэглэх нь сэдэвт сургалтын нээлтэд Дэд сайд Л.Бямбасүрэн оролцож үг хэллээ. Тэрээр хэлэхдээ, Эрүүл мэндийн яам, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд салбарынхаа хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, нийгэм эдийн засаг, жендерийн тэгш байдлыг хангах, иргэн бүрт тэгш хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүргэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Ялангуяа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртэж чаддаггүй эмзэг бүлгийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрч үйлчлэх, арга замуудыг тодорхойлж, энэ чиглэлээр хэрхэн ажиллах зааварчилгааг авч, орон нутагтаа хэрэгжүүлэх шаардлагатай байгааг хэллээ.
Тус сургалт 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд Нийслэлийн эрүүл мэндийн газар, Дүүргийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн хөгжлийн төв, мөн Дархан, Орхон, Говьсүмбэр, Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дундговь, Дорноговь, Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газар, Засаг даргын тамгын газар, Олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцож байна.
Энэхүү сургалтын үр дүнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөх, сургагч багш нар болон сургалтад оролцогч төлөөлөлтэй хамтран ирэх 4 жилийн төлөвлөлтөд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хэнийг ч орхигдуулахгүй тусламж, үйчилгээг хүргэхэд чиглэсэн гарц, зөвлөмжийг гаргах юм.