Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр “Монголын мэс засалч эмч нарын 11 дүгээр чуулган”-д оролцлоо. Тэрээр чуулганыг нээж хэлсэн үгэндээ, Монгол улсад эмнэлгийн анхны нэгж үүсэн байгуулагдсанаас хойшхи 90 гаруй жилийн хугацаанд эрүүл мэндийн салбар түүний дотор мэс заслын салбар харьцангуй богино хугацаанд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын түвшинд хүртэл хөгжиж байгааг онцоллоо.
Энэ нь эмч нарын өргөсөн тангарагтаа үнэнчээр хөдөлмөрлөж, хөдөө орон нутагт, сумын төв, айлын гэрт гэлгүй мэс заслын тусламжийг хугацаа алдалгүйгээр үзүүлж эрдэнэт хүний алтан амийг аварч тэдэнд амьдрал бэлэглэж байдагтай ч салшгүй холбоотой гэсэн юм.
Цаашид Мэс заслын эмч нарыг багаар нь чадавхжуулах, мэс заслын халдвар хяналтын тогтолцоог олон улсын шаардлагад нийцүүлэх зэрэг ажлуудыг эрчимтэй хийнэ. Ингэснээр эмч нар хэлний бэлтгэлээ хангаж, хэд хэдэн хэлний өндөр мэдлэгтэй байх шаардлагатай байгааг сануулсан юм. Мөн эмч нарын зүгээс өртөг багатай, иргэдэд хүртээмжтэй ажлуудын санал санаачилгаа төсөл боловсруулан ирүүлэхийг хүссэн байна.
Түүнчлэн манай улс эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал, мэдрэл, зүрх судасны мэс засал, нүд, чих хамар хоолойн зэрэг мэс заслын олон шинэ технологийг амжилттай нутагшуулсан байгааг хэллээ.
Харин тэрээр өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал хүнд үед, манайх шиг хүн ам цөөнтэй улсад “эрхтэн шилжүүлэх мэс засал”-ыг бодлоготойгоор хийхгүй бол олон газар зэрэг хийж хүч тарамдуулах нь тохиромжгүй гэдгийг хэлсэн юм.
Түүнчлэн Сайд А.Цогцэцэг Эрүүл мэндийн яамны зүгээс эмч нартайгаа хамтран санаачлагатай ажилласны үр дүнд эдийн засгийн хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөлд эрүүл мэндийн салбарт ажиллагсдын 3-5 жил тутамд олгодог 6 сарын тэтгэмж, тэтгэвэрт гаргахад олгодог 36 сар хүртэлх цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг хэвээр хадгалан үлдээх асуудлыг шийдвэрлүүлснээ хэллээ.
Ингээд Сайд “Мэс засалч эмч нарын 11 дүгээр чуулган”-д оролцож буй Монголын үе үеийн мэс засалч эмч нартаа ажлын амжилт хүсэж, сайн сайхныг ерөөв.