Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4 төслийг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах зорилгоор Азийн хөгжлийн банкны төлөөлөгчид, уг төслийн хүрээнд хамтран ажиллах байгууллагууд болох ЭМЯ, Сангийн Яам болон төслийн хэрэгжүүлэх нэгж, холбогдох байгууллага, агентлаг, компанийн төлөөлөлтэй уулзаж, ярилцлаа.
Эдгээр уулзалт, ярилцлагын үеэр эрүүл мэндийн салбарт тулгамдаад байгаа эмийн аюулгүй байдлыг хангах, салбарын боловсон хүчний мэрэгшил, ур чадвар, эмнэлгүүдийн шинэчлэлтэй холбоотой ажлуудыг эхлүүлж хэрэгжүүлэхээр зорьж байгаа ЭМСХХ-4 төслийн зорилго, чиглэл, хүлээгдэж байгаа үр дүнг дэлгэрэнгүй танилцуулж саналыг сонсон, талуудын оролцоо, үүрэг, хариуцлага зэргийг тодорхойлж зөвшилцөн хэрэгжилтийн явцад тулгарч болох бэрхшээл түүнийг даван туулах арга замуудын талаар хэлэлцэж тохирсон байна. Эдгээр хэлцэл, шийдвэрийг баталгаажуулсан харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр Азийн хөгжлийн банкийг төлөөлж эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн хөтөлбөр хариуцсан суурин төлөөлөгч Клод Бодарт, Сангийн Яамыг төлөөлж тус яамны зээл тусламжийн бодлого, хамтын ажиллагааны газрын дарга Б.Хүрэнбаатар, Эрүүл мэндийн яамыг төлөөлж Эрүүл мэндийн дэд сайд, Төслийн Удирдах хорооны дарга Ж. Цолмон нар тус тус гарын үсэг зурлаа. ЭМСХХ-4 төсөл нь Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хүрээнд эмийн аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн шинэчлэл, эрүүл мэндийн салбарын боловсон хүчний төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр шат дараалсан үйл ажиллагааг 2011-2016 онуудад хэрэгжүүлэх юм.