Манила хотноо чуулж байгаа ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооны 67 дугаар чуулганы үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Бүсийн захирал Др. Шин Ян-су-тэй албан уулзалт хийлээ. Уулзалтаар сайд А. Цогцэцэг шинээр эмхлэн байгуулагдсан Засгийн газрын ирэх 4 жилийн үйл ажиллагааны эрүүл мэндийн салбарын зорилго, зорилт, төлөвлөгөөг Бүсийн захиралд танилцууллаа. Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал сайнгүй байгаа ч Засгийн газрын зүгээс эрүүл мэндийн салбарыг төрийн бодлогын төвд байлгах замаар санхүүжилтийг аль болох хасахгүй байх чиглэлийг баримтлан ажиллаж байгаа тухай мэдээлэв.
Др. Шин Ян-су улаанбурханы халдварыг зогсоосон батламжийг Монгол Улс Бүсийн хорооноос авсны дараагаар 2015 онд олныг хамарсан дэгдэлт гарсанд харамсаж байгаагаа илэрхийлж, халдварыг зогсоох талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг сайшааж, цаашид дахин батламжаа сэргээн авах түвшинд хүрэхийн төлөө эрчимтэй ажиллах шаардлагатай талаар зөвлөв.
Тэрбээр Монгол Улсын Засгийн газар болон ДЭМБ-ын хамтран ажиллах дунд хугацааны стратегийн баримт бичгийг эцэслэх талаар Бүсийн хороо болон Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газар хамтран ажиллаж байгаа тул ирэх 2017 оны эхний хагаст уг стратегийг Засгийн Газарт хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэ үеэр Монголд айлчилахаа илэрхийллээ. Түүнчлэн шинэ засгийн газрын үйл ажиллагааг ДЭМБ-ын мандатын хүрээнд үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа илэрхийлснээр уулзалт өндөрлөв.