Өвлийн улирал ойртож буйтай холбоотойгоор цочмог халдварт өвчлөлийн дэгдэлд ихэсч байгаа билээ. Энэ талаар Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээс салбарын яам ямар бодлого барьж ажиллах талаар тодрууллаа.
-Хичээл сургууль эхэлсэнтэй холбоотойгоор жил бүрийн өдийд ерөнхийдөө цочмог халдварт өвчин нэмэгддэг. Энэ жилийн хувьд ямар байгаа бол мэдээ ирсэн үү?
-Улсын хэмжээнд 2016 оны эхний найман сарын байдлаар 26 төрлийн халдварт өвчний 57088 тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үеэс 10 мянган хүн амд 32.5 тохиолдлоор нэмэгдсэн байна. Өвчлөл ингэж нэмэгдэх болсон шалтгаан нь өнгөрөгч өвөл гарсан улаанбурхан өвчний дэгдэлттэй холбоотой. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд лабораториор батлагдсан улаанбурхан өвчний тохиолдол гараагүй байна. Уг өвчний дэгдэлтийг таслан зогсоох талаар авч хэрэгжүүлсэн олон арга хэмжээний үр дүн гэж үзэж болно.Тухайлбал, зургаан сартайгаас зургаан нас хүртэлх хүүхэд болон 18-30 насны залуучуудыг уг өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулсан. Гэхдээ өвлийн ханиад томууны улиралд өвчлөл дахин гарах магадлал өндөр. Иймээс аравдугаар сарын нэгний өдрөөс нийслэл хот, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн зургаан сартай хүүхдийг улаанбурхан өвчний эсрэг вакцинаар анх удаа дархлаажуулж эхэлсэн.
-Өсвөр насныхан яах юм бол?
-Тав хүртэлх насны хүүхэд, шинэ төрсөн эхчүүдэд урьдчилан сэргийлэх тунгаар А аминдэм уулгах, бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд, оюутан залуусыг улаанбурхан, улаанууд өвчний эсрэг дархлаажуулалтад хамруулах, хүүхдийг эхийн сүүгээр хооллох талаар мэдээлэл, сургалт сурталчилгааг эрчимтэй зохион байгуулж байгаа. Хүүхдээ витаминжуулах, эхийн сүүгээр хооллох нь улаанбурхан төдийгүй олон өвчнөөс сэргийлэхэд нэн чухал гэдгийг эмч хүний хувьд хэлмээр байна. Улаанбурхан өвчнөөс сэргийлэх арга хэмжээг нотолгоонд суурилан, оновчтой зохион байгуулахын тулд хүн амын дунд уг өвчний эсрэг дархлалын түвшинг тогтоох судалгааг ДЭМБ, Үндэсний статистикийн хороотой хамтран хийхээр бэлтгэл ажлаа хангасан.
-Засгийн газрын 100 хоногийн хугацаанд цочмог халдварт өвчинтэй тэмцэх талаар өөр ямар арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа бол?
-Улирлын томуу томуу төст өвчин, улаанбурхан, энтеровирүсийн халдвар, менингококкт халдвар зэрэг тэргүүлэх чиглэлийн өвчний хэтийн төлөв, хөдлөл зүйг гарган, харуулдан тандаж, дархлаажуулах зэрэг арга хэмжээг авч байгаа. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн ажилтан, анагаах ухааны их, дээд сургуулийн оюутан, онцгой байдал, зэвсэгт хүчин, хууль сахиулах байгууллагын бие бүрэлдэхүүн нийт 53 орчим мянган хүнийг хепатитын В вирүсийн халдварын эсрэг вакцинаар дархлаажууллаа. Ингэснээр зорилтот бүлгийн хүн амыг хепатитын В вирүсийн халдвараас сэргийлэх боломжийг бүрдүүлж байгаа юм.Мөн “Халдварт өвчний тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ сард зохион байгуулна. Уг хуралд ДЭМБ болон ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Австрали зэрэг орны эрдэмтэн судлаачид оролцож, эрүүл мэндийн аюулгүй байдал, халдварт өвчнийг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнгээ хэлэлцүүлэн, харилцан туршлага солилцоно. Энэ арга хэмжээ нь шинэ болон сэргэн тархаж буй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны цаашдын чиглэл болно гэж үзэж байна.
-Уушгины хатгалгаа өвчин сүүлийн үед элбэг байна гэх боллоо. Энэ хүрээнд вакцинжуулалт хийгдэж байгаа юм уу?
-Тиймээ. Уушгины хатгалгаа өвчний эсрэг пневмококкийн 13 цэнт вакцинаар нийслэлийн Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн хоёр сартайгаас хоёр хүртлэх насны 24 мянга гаруй хүүхдийг анх удаа дархлаажууллаа. Цаашид вакциныг дархлаажуулалтын үндэсний товлолд үе шаттайгаар нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр тав хүртлэх насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийн тэргүүлэх шалтгааны нэг болоод байгаа уушгины хатгалгаа өвчнийг бууруулах зорилт тавьсан. Вакцинаас гадна уушгины хатгалгаанаас сэргийлэх энгийн олон аргууд байдаг. Жишээлбэл, улиралд тохируулан дулаан хувцаслах, гарыг тогтмол савандаж угаах, сармис, цагаан гаа, сонгинотой хоол түлхүү хэрэглэх, гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх, цэгэн массаж хийж хэвших, өвчтэй хүүхдийг цэцэрлэг, сургуульд нь явуулахгүй гэрээр асрах зэргээр урьдчилан сэргийлж болно.
Өдрийн сонин : Ярилцсанд баярлалаа