Нейросайнсын шинжлэх ухаан нь мэдрэл сэтгэхүйн тогтолцоо, түүний бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааг молекулын түвшнээс эмнэлзүй, мэдрэл сэтгэц, сэтгэл судлал, зан үйл, нейромаркетинг, нийгмийн түвшинд хүртэл судалдаг, олон салбарын нэгдмэл шинжлэх ухаан юм.
Энэ салбарыг дэлхий дахинаа хамгийн анх судалж эхэлсэн түүх нь МЭӨ 170-аад он бөгөөд Дэлхийн Нейросайнысын Нийгэмлэг нь 1960 онд байгуулагджээ.
Тэгвэл манай улсад энэхүү нийгэмлэг 2014 онд байгуулагдан, олон улсын түвшинд эрчимтэй хөгжиж буй тархи судлалын салбарыг Монгол улсад хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой, академик байгууллага юм.
Нейросайнс нь зан араншин, эс судлал, танин мэдэхүй, соёл, тархины бүтэц, үйл ажиллагаа, нийгмийн нейросайнс, молекул биологи зэрэг шинжлэх ухааны олон салбарт хөгжиж байна.
Монголын Нейросайнсын Нийгэмлэгийн жил бүр зохион явуулдаг Олон Улсын эрдэм шинжилгээний хурал нь тархи судлалын салбарт ажиллаж буй нийт эрдэмтэн судлаачдыг хамруулдаг үндэсний хэмжээний арга хэмжээ билээ.
Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал “Multidisciplinary Brain Science Forum-2016” нэртэйгээр 9 дүгээр сарын 23, 24-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо эхний өдөр Төрийн ордонд, хоёр дах өдөр SS клубын хурлын танхимд зохиогдов.
“Тархи судлалын орчин үеийн ололт” эрдэм шинжилгээний хурлыг Монголын Нейросайнсын Нийгэмлэг, АШУҮИС-ийн Нейросайнсын оюутны клубтэй хамтран АШУҮИС, АШУҮИС-ийн Эм зүй, Био-Анагаахын сургууль, Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг, Монголын Мэдрэлийн эмч нарын нийгэмлэг, СЭМҮТ, Монголын Анагаах Ухааны Академи, Монголын Сэтгэцийн Эмгэг Судлаач нарын нийгэмлэг, Анагаах Ухааны Хүрээлэн, МУБИС, МУИС, ШУТИС, Монголын Эпилепсийн Холбооны хамт олон хамтран амжилттай зохион байгууллаа.
Хуралд дотоод гадаадын улсын нэгдсэн эмнэлэг, төрийн болон хувийн их дээд сургуулийн нийт 150 гаруй судлаач, эмч, багш, эрдэмтэн оролцож, судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг танилцуулж, нейросайнсын шинжлэх ухааны ололт, дэвшилт шинэ технологийн талаар хэлэлцэв.
Эрдэм шинжилгээний хурал болон хурлын үеэр зохион байгуулагдсан эмч мэргэжилтнүүдийн тасралгүй сургалтанд гадаад, дотоодын нэр хүндтэй эрдэмтэн судлаачид оролцон, лекц уншсан байна. Тухайлбал, БНСУ-ын Нейросайнсын Нийгэмлэгийн ерөнхийлөгч, профессор Ким Куюнг Жин, Тайвань Улсын Академи Синикагийн Молекул биологийн институтын профессор, Нейросайнсын Хөтөлбөрийн ахлагч Ченг Тинг Шиен, Малайз Улсын Путра Их Сургуулийн профессор Шиеэ Пайк Си, судлаач Линг Жин Хуа (Майкл), Япон Улсын эрдэм шинжилгээ, судалгааны RIKEN төвийн Тархи судлалын төвийн судлаач, доктор Масанори Мураяама, Шигеёоши Фужисава нарын олонд танигдсан нэр хүндтэй профессорууд илтгэл уншсан нь ОУ-ын хурал, сургалт семинарын ач холбогдлыг тодорхойллоо.
Нейросайнсын шинжлэх ухааны Монгол Улсад хөгжүүлэх үйлст Монгол Улсын Засгын Газар, Ерөнхийлөгчийн тамгын газар, дотоодын их дээд сургуулийн удирдлагууд дэмжин оролцов. Хурлын зочин профессорыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, ЭМЯ-ны Бодлогын Хэрэгжилтийг Зохицуулах газрын дарга С.Энхболд, БСШУЯ-ны БХЗ газрын дарга Б.Эрдэнэчимэг, АШУҮИС-ийн захирал профессор Г.Батбаатар нар хүлээн авч уулзаж, Монгол улсад нейросайнсын шинжлэх ухааныг цаашид хөгжүүлэх талаар яриа хэлцэл өрнүүллээ.
Хуралд энэ салбарын дэлхийн шилдэг эрдэмтэд оролцон илтгэл хэлэлцүүлэн чуулсан байна. Хурлын үйл ажиллагааны ерөнхий ивээн тэтгэгчээр Нарантуул групп, нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч С.Эрдэнэтуул, Ерөнхийлөгчийн тамгын газар, Ерөнхийлөгчийн зөвлөх Ж.Цогтсугар нар ажиллалаа. Нейросайнсын хурлыг дэмжин ажилласан Нарантуул групп, Фармаци Гарант, ИМИ ХХК компанийн хамт олонд гүн талархлаа илэрхийлье.
Энэ хурал нь нейросайнсын салбарт гарсан сүүлийн үеийн ололт амжилттай танилцах, шинэ мэдээлэл солилцох, манай орны анагаах ухааны салбарын тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, гадаадын ижил төстэй байгууллага, судлаачидтай хамтран ажиллах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, зуны сургалт зохион байгуулах өргөн боломжийг олгож өгсөн онцлогтой боллоо.