Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас санаачилан 2014 оноос эхэлж “Орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх” хөтөлбөр Өмнөговь аймаг, Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төслийг санаачлан хэрэгжүүлэн ажиллаж буй Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгчийн газар болон Солонгосын иргэдийн сан, Солонгосын олон улсын эрүүл мэндийн сангийн хамт олныг Сайд А.Цогцэцэг хүлээн авч уулзлаа.Тэрээр хэлсэн үгэндээ төслийг санаачлан хэрэгжүүлэн ажиллаж буй та бүхэнд Эрүүл мэндийн яам болон Монголын ард түмний өмнөөс талархлаа илэрхийлж байна. Цаашид энэхүү төслийг өргөтгөж Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэгт хэрэгжүүлэх талаар анхаарч, туслалцаа үзүүлэхийг анхаарч өгөхийг хүслээ.
Уулзалтын дараа Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газар, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд явуулийн тусламж үйлчилгээний машин гардуулан өглөө . Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр Солонгосын олон улсын Эрүүл мэндийн сангийн санхүүжилтээр “Эрүүл мэндийн түвшинд мобайл технологийг нэвтрүүлэх нь” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү төслийн хүрээнд хийгдэж буй ажлын нэг нь энэ аж.“Мобайл” технологийг ашигласнаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгох төдийгүй цаг хугацаа хэмнэнэ. Төсөл бүрэн хэрэгжсэнээр төсөлд хамрагдсан эрүүл мэндийн байгууллагууд явуулын тусламж үйлчилгээнд ашиглагдах машин, багаж тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдана гэж Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч хэлж байсан. Төслийн хүрээнд СХД-ийн Эрүүл мэндийн төв болон тус дүүргийн 7, 26 дугаар хорооны өрхийн эмнэлэгт үзлэг оношлогоонд ашиглах ЭХО, ЭКГ зэрэг аппарат, таблет, даралтын аппарат зэрэг багаж, тоног төхөөрөмж, оношлуулаар хангаж, эмч мэргэжилтнүүдийг сургалтад хамруулжээ.