Эрүүл мэндийн яам, Эм холбоо, Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэг, Мишээл групптэй хамтран “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ - 2016” үзэсгэлэн нээлтээ хийлээ.Энэ жилийн “Эрүүл мэндийн технологи-2016” үзэсгэлэн нь Монгол улсад эмнэлгийн техникийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 20 жил, Монголын эмзүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбооны 20 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог болж байна.
Уг үзэсгэлэнд Сайд А.Цогцэцэг болон бусад албаны хүмүүс оролцлоо. Өнөөдөр Монгол Улсын эрүүл мэндийн салбарт 40 гаруй орны 170.000 орчим эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж оношилгоо, эмчилгээнд ашиглагдаж байгаа бөгөөд эдгээрийг авч явах, хөдөлгөгч хүч нь энд цугларсан эмнэлгийн инженер техникчид, эм, эмнэлгийн хэрэгсэл эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч байгууллагын ажилчид та бүхэн юм. Эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтын хэмжээ 2013 онд – 24,9 тэрбум төгрөг, 2014 онд - 29,3 тэрбум төгрөг, 2015 онд – 8,0 тэрбум төгрөг, 2016 онд – 18,8 тэрбум төгрөгт хүрч, судалгаа, нотолгоонд суурилсан тоног төхөөрөмжөөр хангах ажил эрчимтэй явагдаж байгааг онцоллоо.
Гурван өдрийн турш үргэлжлэх энэхүү үзэсгэлэн нь Эрүүл мэндийн салбарт нэвтэрсэн эмчилгээ, оношилгооны дэвшилтэд технологи, арга аргачлал, гадны болон дотоодын эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч байгуулагуудын бараа бүтээгдэхүүнүүдтэй танилцаж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний дэвшилтэт техник, технологийн талаар олон нийтэд сурталчлан таниулах , төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох нөхцөл бололцоо бүрдэх юм.
Монгол эх орныхоо өнцөг булан бүрд ажиллаж, сурч боловсорч буй болон өөрийнхөө мэдлэг, туршлагаа хүн ардынхаа эрүүл энхийн манаанд зориулж яваа үе үеийн Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, техникийн ажилтан, эм зүйч, эм баригч, Та бүхэндээ Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер бэлтгэж эхэлсний 20 жилийн ой, эмзүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбооны 20 жилийн ойн баярын мэндийг Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн Яамны нэрийн өмнөөс болон хувиасаа хүргэж эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүслээ.