Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат, ЭМЯ-ны ЭМ-ийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Энхболд, Улсын клиникийн төв эмнэлгийн дарга Б.Бямбадорж, Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Д.Чулуунбаатар нар Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг, Төв болон Бага тойруу салбаруудын үйл ажиллагаа, орчин нөхцөлтэй танилцаж, үйлчлүүлэгч, ажилтнуудтай уулзаж санал, сэтгэгдлийг нь сонслоо. Ажлын хэсгийг Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва болон удирдлагын баг хүлээн авч, байгууллагын үйл ажиллагааны талаар болон тулгамдаж буй томоохон асуудлууд, тэр тусмаа эмнэлгийн зориулалтын бус барилгуудтай, хоорондоо хол байрладаг, гэр хорооллын иргэдээсээ хол, зарим барилгууд нь нурж актлагдан хувийн хэвшлийн байр түрээслэж буй талаар танилцуулсан бөгөөд эмнэлгийн зориулалтын байртай болох талаар 2009 оноос хойш хөөцөлдөж хэрэгжүүлэх гэж оролдсон ажлуудынхаа талаар танилцуулсан юмаа.Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв нь 1997 онд анх байгуулагдсан бөгөөд 227 ортой нэгдсэн эмнэлэг, “Хайлааст”, “Бага тойруу” салбаруудын барилгууд нь эмнэлгийн зориулалтын бус, хүн амын 80 гаруй хувь оршин суух гэр хорооллын иргэдээсээ хол, хоорондоо салангид байрлалтай зэрэг нь эмнэлгийн тусламж үйлчилгээний технологи, чанарт сөргөөр нөлөөлж байгаа талаар хэлж байлаа.Сайд А.Цогцэцэгээр ахлуулсан ажлын хэсгийнхэн тус төвийн хүлээн авах, эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасаг, хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн үйлчилгээтэй танилцаж иргэд болон эмч ажилчдыг төлөөллийн сэтгэгдлийг сонссон юм.
Үүний дараа Хан уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт очиж ажиллалаа. Тус эмнэлэг нь 180 ортой, жилд дунджаар 8600 гаруй хүнийг хэвтүүлэн эмчлэдэг бөгөөд яаралтай тусламж, дотор, мэдрэл, хүүхэд, нөхөн сэргээх эмчилгээ, уламжлалт эмчилгээ, өдрийн эмчилгээ, хөнгөвчлөх эмчилгээний чиглэлээр хоёрдогч шатлалын тусламж үйлчилгээг үзүүлж байгаа юм.
Эдийн засаг хүнд байгаа энэ үед өөрсдийн нөөц бололцоон дээр тулгуурлан эмнэлгийн байр, орчноо сайжруулж загвар эмнэлэг болохуйц ажиллаж байгаад эмнэлгийн удирдлага болон ажиллагсдад талархаж байгаагаа энэ үеэр илэрхийлсэн юм.
Сайд А.Цогцэцэг уулзалтын төгсгөлд ХУДНЭ-ийн эмч ажилтантай уулзаж 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр танилцуулж, цаашид хийж хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ талаар,ирэх дөрвөн жилд эрүүл мэндийн салбарын хувьд аливаа өвчин эмгэгээс сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эрс сайжруулах, тусламж үйлчилгээний бодлого төлөвлөлтөд урт болон дунд хугацааны хөтөлбөр боловсруулж,эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, хүний нөөцийн хөгжлийг хангаж, нийгмийн хамгааллыг сайжруулах, тусламж үйлчилгээний чанартай уялдсан санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох зорилтуудыг дэвшүүлэн ажиллах талаар ярилаа.