Эрүүл мэндийн Сайд А.Цогцэцэг өнөөдөр БНСУ-ын Самсунг Си энд Тиконсорциумын Дэд ерөнхийлөгч И Бам Сун-г хүлээн авч уулзлаа.Самсунг Си энд Ти консорциум нь БНСУ-ын ЗГ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй Үндэсний оношлогоо, эмчилгээний төв байгуулах төслийн үндсэн гүйцэтгэгчээр ажиллаж байгаа билээ.
Уулзалтын эхэнд ноён И Бам Сун Эрүүл мэндийн сайдад хүндтэй албанд томилогдсонд баяр хүргээд хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлэв. Тэрбээр, СамсунгСи энд Тиконсорциумын үйл ажиллагааны талаар товч танилцуулаад Манай улсад хэрэгжиж байгаа Үндэсний оншилгоо эмчилгээ байгуулах төсөл нь тус консорциумын бусад улсуудад хэрэгжүүлж байгаа эмнэлгийн төслүүдтэй ижил төстэй, мөн онцлог талуудтай талаар дурдав. Төслийн хүрээнд баригдаж буй ҮОЭТ нь Цөмийн оношлогооны тасагтай байх ба уг тасагт циклотрон ашиглаж оношлогоо хийх тоног төхөөрөмжүүдийн хангалт хийгдэх юм байна.
Сайд А.Цогцэцэг эрүүл мэндийн салбарт томоохон төслийн гүйцэтгэгчээр ажиллаж байгаа Самсун гСи энд Ти консорциумд, түүний Дэд ерөнхийлөгч И Бам Сун-д хүрэлцэн ирж уулзаж байгаад хариу талархал илэрхийлээд ҮОЭТ байгуулах төслийн хүрээнд өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлуудын талаар товч дурдав. Түүнчлэн төслийн үйл ажиллагааг, ялангуяа хүндрэлтэй, удаашралтай байгаа асуудлууд дээр түлхүү анхаарч, хамтран ажиллах шаардлагатай талаар цохон тэмдэглэв. Тухайлбал, Монголд барилгын ажил улирлын чанартай байдаг учраас ҮОЭТ-ийн барилгын суурийн ухалт хийсэн хэсэг буюу өнгөн хөрсийг хуулсан газрыг өвлийн улиралд хамгаалж, хавар барилгын ажил эхлэхэд зохих бэлтгэлийг хангасан байвал чухал гэдгийг онцлов.
Уулзалтын төгсгөлд ноён И Бам СунЭрүүл мэндийн сайдад ажлын амжилт хүсээд төслийг амжилттай хэрэгжүүлэхэд үргэлжлүүлэн идэвхтэй хамтран ажиллах саналуудыг тааламжтай хүлээн авч байгаагаа илэрхийллээ.