Монголын хүүхдийн спортын V их наадмын нээлт өчигдөр буюу 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 17 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо.
Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, УИХ-ын гишүүн Лу.Болд, Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар болон албаны бусад зочид төлөөлөгчид оролцлоо. Наадмыг нээж, Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар үг хэлсэн юм. Тэрбээр “ Монгол Улсын жаргалант ирээдүй болсон цог золбоот өсвөрийн тамирчид, хүүхэд багачууд аа, Монгол Улсын Их хурлын дарга З.Энхболд, аймаг, нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон Засаг дарга, Биеийн тамир, спортын газар, Спортын холбоодын удирдлагууд, нийт дасгалжуулагч, хөгжөөн дэмжигчид, ивээн тэтгэгчид та бүхэнд налгар намрын энэ өдрийн халуун мэндийг дэвшүүлье. Монгол Улсын Засгийн Газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Засгийн газрын 2014 оны 359 дүгээр тогтоолын дагуу орон даяар Хүүхдийн спортын V их наадмыг өвөл, зуны үндсэн 19, сонгож оролцох 15, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд 11, нийт 45 спортын төрлөөр амжилттай зохион байгуулж байна.
Энэ удаагийн спортын их наадам нь 2015 оны 9 дүгээр сарын 12-19-ний өдрүүдэд 17 спортын төрлөөр анх удаа Олимпийн наадмын жишгээр эрхээ авч өрсөлдөх бөгөөд их наадмын хөтөлбөрт паралимп, дифлимп, тусгай олимпийн спортын төрлүүдийг багтааснаараа Монголын спортын түүхэнд нэгэн шинэ хуудсыг эхлүүлж байна.
Төр засгаас биеийн тамир, спортоор дамжуулж хүүхэд залуучуудад бие бялдрын өв тэгш хүмүүжлийг олгох, спортоор хичээллэх идэвх сонирхлыг өрнүүлэх, эрүүл мэндийг бэхжүүлэх, өсвөрийн тамирчдын амжилтыг дээшлүүлэх, ур чадварыг сайжруулах, тэдний дунд шинэ спортын төрлүүдийг хөгжүүлэх зэрэгт гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаагийн илэрхийлэл болсон Хүүхдийн спортын V их наадам өнөөдөр нээлтээ хийх гэж байна.
Хүүхдийн спортын V их наадамд 21 аймаг, 9 дүүргийн нийт 100,000 гаруй тамирчнаас шалгаран их наадмын эрхээ авсан 1920 тамирчин, 190 дасгалжуулагч, 250 шүүгч, 230 сайн дурын ажилтан болон албаны төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд наадмын нээлт, хаалт, тэмцээн уралдааныг МҮОНТ, NTV, Star TV, TM телевизүүдээр орон даяар шууд дамжуулахаар бэлтгэл ажил хангагдлаа.
Их наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр АПУ ХК, хамтран ажиллагчаар Хасу мегаватт ХХК, Дашваанжил ХХК, Титэм дизайн ХХК, Эмпати ХХК, Лидер спортинг Монголиа ХХК зэрэг үндэсний компаниуд наадмын ивээн тэтгэгчээр ажиллаж байгаад гүн талархлаа илэрхийлье.
Их наадамд оролцож буй өсвөрийн тамирчид та бүхнийг 2020 оны Токиогийн Зуны Олимпийн наадамд Монгол улсыг төлөөлөх ирээдүйн үндэсний шигшээ багийн гол төлөөлөгч, ирээдүйд тив, дэлхийд нэр алдраа дуурсгах одууд болно гэдэгт бүрнээ итгэж байна. Эх орныхоо өнцөг булан бүрээс шалгаран төрөлх нутаг, суралцдаг сургууль, хичээллэдэг клубынхээ нэрийн өмнөөс их наадамд оролцохоор хүрэлцэн ирсэн өсвөрийн тамирчид та бүхэндээ авьяас чадвар, арга техник, ухаан бодлоо дайчлан их наадмын аваргууд болохын ерөөлийг дэвшүүлье.” хэмээсэн юм.
Харин УИХ-ын дарга З.Энхболд наадамд оролцогч хүүхдүүдэд баяр хүргээд “ Сургууль, сум, хороо, аймаг, дүүрэг, бүс, улсын аварга шалгаруулах тэмцээний олон том сорилтыг даван туулж, өнөөдөр Монголын Хүүхдийн спортын V их наадамд шалгарч ирсэн Өсвөрийн тамирчид Та бүхнээрээ бахархаж байна.
Монгол Улс даяараа найм хоногийн турш монголын спортын ирээдүйн алдарнууд болох өсвөрийн тамирчдынхаа биеийн тамир спортын гайхамшигт амжилтыг харж баясах сайхан боломж бүрдэж байна. Энэ удаагийн наадам Монгол Улсын Биеийн тамир, спортын түүхэнд хөгжлийн шинэ чиг хандлага, уур амьсгал, өнгө төрхийг бүрдүүлэх ажлын эхлэл болж байгааг онцлон тэмдэглэж зохион байгуулагч нарт талархал илэрхийлье.
Ингээд нийт өсвөрийн тамирчид, багш, дасгалжуулагч нартаа спортын өндөр амжилт хүсч Монголын Хүүхдийн спортын V их наадмын үйл ажиллагааг нээснийг мэдэгдье” гээд том бөмбөр цохьсон. Ингэснээр Монголын хүүхдийн спортын V дугаар их наадам албан ёсоор нээгдэж, Төв цэнгэлдэх хүрээлэнд цугларсан 12,000 гаруй хүүхэд багачууд баяр хөөртэйгээр наадмынхаа нээлтийг үзэж сонирхосон.
Наадамд оролцож буюу 2500 гаруй өсвөрийн тамирчид өөр өөрийн аймаг, дүүргийн туг далбааг барин парад алхсан нь бас нэгэн онцлог байлаа.
Нээлтийн үйл ажиллагааны хамгийн сэтгэл хөдөлгөсөн гол үйл явдал бол яах аргагүй галт бамбар байсан.
Энэ удаагийн наадмын галт бамбарыг олимпийн хошой медальт Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба, паралимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав, “Сингапур-2010” хүүхдийн олимпийн аварга Б.Батцэцэг, Хүүхдийн анхдугаар олимпийн наадмын аварга Г.Эрдэнэболд нарын таван тамирчин асаасан. Энэхүү бамбар Хүүхдийн спортын V дугаар наадам дуустал буюу долоо хоногийн турш Төв цэнгэлэх хүрээлэнд асаалттай байх юм.
Ийнхүү Монголчууд бид долоо хоногийн турш Хүүхдүүд спортын их наадмаар амьсгалж, эх орны шилдэг өсвөрийн тамирчид маань авхаалж самбаагаа сорин, ялалтын төлөө өрсөлдөх нээ.