Эрүүл мэндийн сайдын 2013 оны 309 дүгээр тушаалаар жил бүрийн 9 дүгээр сарыг "Оюутны эрүүл мэндийг дэмжих сар" болгон тэмдэглэдэг бөгөөд "Оюутан залуучуудын эрүүл мэндийг дэмжих, эрсдэлт зан үйлийг өөрчлөхөд чиглэсэн мэдээлэл сургалт, сурталчилгаа, ухуулга нөлөөллийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, оюутан залуучуудын эрүүл мэндийн эрсдлийг бууруулах, тусламж үйлчилгээ хайх зөв зан үйлийг нэмэгдүүлэх, оюутан залуучуудтай ажилладаг байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах" зорилготой юм.
Энэ жилийн хувьд "Эерэг хандлага-Эрүүл оюутан" уриан дор НҮБ-ын Хүн амын сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт өсвөр үе, залуучуудад нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгож, халдварт өвчний тархалтыг бууруулах, оюутан, залуучуудад эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах нөхцөлийг бүрдүүлэх зорилтыг дэвшүүлсэн. 2015-2016 оны хичээлийн жилд 181 их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд нийт 205.301 оюутан байна. Суралцагчдын 46 хувийг эрэгтэй, 54 хувийг эмэгтэйчүүд эзлэж байна. Оюутнуудад “нөхөн үржихүйн эрүүл мэнд, хоол хүнсний буруу хэрэглээ, хорт зуршил” зэргээс хамааралтай эрүүл мэндээ хамгаалах өвөрмөц хэрэгцээ бий болдог. Учир нь эцэг эх, асран хамгаалагчдын хараа хяналтаас холдож бие даан амьдрах болсон, өөрийн эрүүл мэндийг хамгаалах мэдлэг, чадвар, туршлага дутмаг зэргээс хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт, бэлгийн замаар дамжих халдвар, архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээ зэрэг олон эрсдэлд өртөх магадлал өндөр болдог.
2015 оны эрүүл мэндийн үзүүлэлтээс:
· 2015 онд нийт 80,434 эх амаржсаны 5.5 хувийг 20 хүртэлх насны эхчүүд эзлэж байна
· Үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүдийн 5.1 хувийг 20-иос доош, 70 хувийг 20-34 насныхан эзлэж байна.
· Өмнөх оныхтой харьцуулахад 20-иос доошхи насны эмэгтэйчүүдийн үр хөндөлт хйилгэсэн түвшин 1.5 хувиар буурсан байна
· Бэлгийн замаар дамжих халдвараар өвчлөгсдийн 43.4 хувь нь 15-24 насны залуучууд байна
· 2015 онд зам тээврийн ослын 45,161 тохиолдол бүртгэгдэж, 91,6% нь Улаанбаатар хотод гарсан. Нас баралтын 72% нь эрэгтэйчүүд, насны хувьд 18-34 насны залуус 36%-ийг эзэлж байна.
Энэ жилийн Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран Их, дээд сургуулийн удирдлагуудтай нөлөөллийн уулзалт хийх, оюутны эрүүл мэндийн асуудлаар хамтран ажиллах санамж бичиг, гэрээ байгуулах, оюутнуудад сургалт зохион байгуулах, “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар”-ын хүрээнд 5000 орчим оюутныг хамруулан өдөрлөг зохион байгуулах, “Оюутны хооллолт, БЗДХ,ХДХВ/ДОХ-аас сэргийлье, Жирэмсний хяналт” сэдвээр мэдээлэл түгээх зэргээр олон нийтэд мэдээлэл түгээх юм.