Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв орчин үеийн анагаахын шинжлэх ухааны эмнэлэг үүсч хөгжсөний 90 жилийн ойн баяраа ард иргэдийнхээ эрүүл мэнд сайн сайхны төлөө зүтгэж ирсэн үе үеийн удирдлага, эмч, сувилагч, эмнэлгийн ажилчдыгаа алдаршуулан өргөн тэмдэглэлээ.
Монгол орны зүүн хязгаар Хан Хэнтий уулын аймгийн Баянтүмэн Хан уулын хошуунд Чита хотын цэргийн эмнэлэгт ажиллаж байсан их эмч А. И. Брожок, тайж Гүржавын Балганы 3 өрөө түрээсийн байшинд 4 ортой эмнэлэг анх нээгдэж, суурь нь тавигдсан түүхтэй билээ.
Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хамт олон ойн баяраа угтан түүхэн алдрын танхим байгуулж, “Эрүүл энхийн жаргал оршоосон 90 жил” түүхийн номыг бүтээн хэвлүүлж, уран бүтээлчдийн дунд уралдаан зарлан байгууллагынхаа “Итгэлийн өргөө” сүлд дуутай болж, эмнэлгийнхээ түүхэн замналыг тусгасан “Нас хайрласан нарны эзэд” баримтат кино бүтээж, бие бялдрыг чийрэгжүүлэх фитнесс танхим байгуулах, орон нутгийн телевизүүдээр байгууллагын үйл ажиллагааг сурталчлах нэвтрүүлэг бэлдэж цацах, эмнэлгийн эргэн тойрныг цэцэрлэгжүүлэх, олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэрэг ажлуудыг амжилттай хийж гүйцэтгэлээ.
Энэхүү баярын үйл ажиллагаанд Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Энхболд оролцон Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн мэндчилгээг уламжлан гардууллаа. Тус үйл ажиллагааны үеэр Эрүүл мэндийн салбарт ажилласан шилдэгүүдээ төрийн дээд шагнал “Алтан гадас” болон Засгийн газрын шагнал “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрийг нь мялаалаа.