Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг АНУ-ын Энх тайвны корпусын захирал хатагтай Кэрри Хэслэр-Раделет болон түүнийг дагалдан яваа албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, АНУ-ын Энх тайвны корпусын захирал, Монгол улс дахь Энх тайвны корпусын захирал болон албаны бусад хүмүүс, мөн тус яамны холбогдох албан тушаалтнууд байлцав.
Уулзалтын эхэнд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Женнифер Галт уулзалтад оролцож буй албаны хүмүүсийг танилцуулж, өнөөдрийн уулзалтад хүрэлцэн ирсэн Энхтайвны корпусын захирал болон Монгол Улс дахь Энхтайвны корпусын захирал нар хоёул нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай хүмүүс тул цаашид энэ чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар болон Монгол Улсын ЭМЯ болон АНУ-ын Энхтайвны корпусын хамтран ажиллах санамж бичгийг шинэчлэн байгуулах талаар харилцан ярилцаж, санал солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Энхтайвны корпусын сайн дурын ажилтнуудын Монгол Улсын эрүүл мэндийн салбарт оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж байдгаа илэрхийлж, цаашид халдварт болон халдварт өвчнөөс сэргийлэх, хүн амын дунд, ялангуяа залуучууд, өсвөр үеийнхэнд эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх нь зүйтэй болохыг тэмдэглээд, Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндийн салбарт баримтлах бодлого, чиглэлийн талаар товч танилцуулав.
АНУ-ын Энхтайвны корпусын захирал хатагтай Кэрри Хэслэр-Раделет сайд А.Цогцэцэгтэй уулзаж байгаадаа талархал илэрхийлэхийн зэрэгцээ улс орнуудын эрүүл мэндийн сайд нартай уулзаж ярилцах сонирхолтой байдгаа онцлон тэмдэглээд, Энхтайвны корпусын олон улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцуулав.
Монгол Улс дахь Энх тайвны корпусын захирал ноён Жин Никсон Монгол Улсад хэрэгжүүлж буй эрүүл мэндийн хөтөлбөр нь 1996 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд уг хөтөлбөрийн хэрэгжилтэд 5 жил тутам үнэлгээ хийж, Монгол Улсын Засгийн газрын эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлж буй бодлого, чиглэл, үйл ажиллагаатай нийцэж байгаа эсэхэд дүгнэлт хийж, цаашдын зорилго, зорилтуудыг тодорхойлдог болохыг мэдэгдэв. Мөн 2017 оноос эрүүл мэндийн шинэ хөтөлбөр хэрэгжиж эхлэх гэж байгаа ба энэхүү хөтөлбөр нь хүүхдүүдэд голчон чиглэж, тэдний эрүүл амьдрал, зөв хооллолт, биеийн хөдөлгөөнийг сайжруулах, халдварт өвчнөөс сэргийлэх чиглэлээр хэрэгжих болохыг хэллээ.
Уулзалтын явцад талууд дээрх асуудлуудаар харилцан санал солилцож, сайд А.Цогцэцэг хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн байгуулах болон эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах дээрх саналуудыг тааламжтай хүлээн авч байгаагаа дахин илэрхийлснээр уулзалт өндөрлөв.