Эмнэлгийн мэргэжилтний мэргэшүүлэх резидентийн сургалт, төрөлжсөн мэргэжлийн сургалт төгсөгчдөд диплом, мэргэжлийн үнэмлэх гардуулах ёслолын ажиллагааг 2011 оны 4-р сарын 22-ны өдөр Эрүүл мэндийн яам, ЗГХА-Эрүүл мэндийн газар хамтран ЭМЯ-ны МСТ-д зохион байгуулсан байна. Энэ удаа 252 мэргэжилтэн резидентийн сургалтыг, 16 мэргэжилтэн төрөлжсөн нарийн мэргэжлийн сургалтыг
тус тус төгсжээ. Эдгээр мэргэжилтнүүдээс 53 нь орон нутгийн захиалгаар төрийн санхүүжилтээр суралцаж төгсөөд орон нутагтаа ажиллахаар явах бол мөн хот хөдөөгийн 14 мэргэжилтэн “Шувууны томуу, хүний томуугийн цар тахалтай тэмцэх чадавхийг сайжруулах төсөл”-ийн санхүүжилтээр халдвар судлаач мэргэжил эзэмшсэн нь халдварт өвчин сэргэж шинээр гарч буй энэ үед чухал ач холбогдолтой сургалт болов. Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтад 2000 оноос эхлэн Эрүүл мэндийн байгууллагууд сургалт эрхлэх болсноос хойш 10 жил өнгөрсөн байна. Мөн 2000 оноос эхлэн эмнэлгийн мэргэжилтнүүдийн төгсөлтийн дараах сургалтад төрөөс дэмжлэг үзүүлдэг болоод 10 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд 27 мэргэжлээр 5169 эмч, мэргэжилтэн мэргэжил олгох дээшлүүлэх сургалтад төрийн санхүүжилтээр суралцсан байна.
Үүнд: мэргэжил олгох сургалтад - 821 эмч , мэргэжил дээшлүүлэх сургалтад-753 эмч, хамрагдсан байна. Сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтний мэргэжил олгох сургалтад- 1092, мэргэжил дээшлүүлэх сургалтад 2503 мэргэжилтэн тус тус суралцсан байна. Эрүүл мэндийн яам эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтад анхаарал тавьж сургалтыг чанартай болгохын тулд Эрүүл мэндийн сайдын
“Эмнэлгийн мэргэжилтний давтан сургалтын журам, бүрэлдэхүүн батлах тухай” 28 дугаар тушаалыг 2 дугаар сард гаргаж энэ тушаалаар давтан сургалтын олон асуудлыг шийдвэрлэсний дотор давтан сургалтын элсэлт, төгсөлтийг ЗГХА-ЭМГ нэгдсэн журмаар зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн юм.
Мөн энэ оны 3 сард “Эмнэлгийн мэргэжилтний давтан сургалтын чиглэл, индекс батлах тухай” Эрүүл мэндийн сайдын 73 дугаар тушаалыг гаргаж энэ тушаалаар резидентийн сургалтаар мэргэшүүлэх мэргэжил, төрөлжсөн мэргэжлээр мэргэшүүлэх мэргэжлийг тогтоож энэ сургалт төгссөн мэргэжилтнүүд цаашаа нарийсан мэргэших чиглэлийг улам тодорхой болгосон. Эмнэлгийн мэргэжилтний давтан сургалтыг хөгжүүлэх дараагийн алхам нь сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийг боловсронгуй болгох ажил бөгөөд мэргэжил олгох сургалтын зөвшөөрөлтэй сургалт эрхлэх бүх байгууллагуудын мөрдөж ажиллах мэргэжил эзэмшүүлэх резидентийн сургалтын цөм төлөвлөгөөг 19 мэргэжлээр боловсруулан Эмнэлгийн мэргэжилтний хөгжил, давтан сургалтын зөвлөлөөр батлуулан одоо мөрдөн ажиллаж байна. Цаашдаа төрөлжсөн мэргэжлээр мэргэшүүлэх сургалтын төлөвлөгөө78, мэргэжил дээшлүүлэх сургалтын төлөвлөгөө 18-ийг боловсруулж бэлэн болоод байна.