Сингапурын Улсын Засгийн газрын Темасек сангийн Төсөл, хөтөлбөр хариуцсан захирал Жералд Ео, Нан-Янг политехникийн их сургуулийн төлөөлөгч Фүнг Це Фүн, Вүн Ви Ким нарыг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хүлээн авч уулзлаа.
Тус сан нь 2011-2012 онуудад Эрүүл мэндийн яамтай хамтран “Сувилагч сургах хөтөлбөрийг” хэрэгжүүлсэн бөгөөд төслийн хүрээнд орон нутгийн 2 дахь шатлалын болон төрөлжсөн эрүүл мэндийн байгууллагын 100 сувилагчийг Сингапур улсын Нан-Янг политехникийн их сургуульд сургалтад хамруулсан. Төслийг Темасек сан болон Монгол улсын Засгийн газар хамтран санхүүжүүлсэн юм.
Уулзалтаар ноён Жералд Ео хэлэхдээ урьд хамтран хэрэгжүүлсэн төсөл амжилттай болсон тул төслийг үргэлжлүүлэн “Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн сургах хөтөлбөр”-ийг санаачилан хэрэгжүүлж, Эрүүл мэндийн яамтай хөтөлбөрийн хамрах хүрээ, сургалтын сэдэв, агуулгыг боловсруулах тал дээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Уг төслийн хүрээнд Монголын бүх түвшиний эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа 160 нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудыг Сингапур улсад сургах боломжтой юм.
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Сингапур улсын эрүүл мэндийн салбарын хөгжил, үр ашигтай тогтолцоог өндрөөр үнэлж явдагаа илэрхийлж, төслийн зорилго нь шинэ засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон Нийгмийн эрүүл мэндийг хөгжүүлэх зорилттой ижил байгаад баяртай байна хэмээгээд төслийг хамтран амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.