Жил бүрийн наймдугаар сарын эхний 7 хоногийг эхийн сүүгээр хооллолтын дэмжих өдрүүд болгон тэмдэглэдэг.
Энэ хүрээнд өчигдөр "Эхийн сүүгээр хооллолт нь тогтвортой хөгжлийн гол түлхүүр" сэдэвт шийдвэр гаргагчдын уулзалт, хэлэлцүүлгийг ЭМЯ, НЭМХ, НЭМГ, ДЭМБ, НҮБ Хүүхдийн сан хамтран зохион байгууллаа. Тус уулзалтад Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Саранчимэг, Ц.Цогзолмаа, А.Ундраа, Б.Ундармаа нар оролцож, өөрсдийн санал бодлыг хуваалцлаа.
Сүүлийн жилүүдэд Монгол Улсад эхийн сүүгээр хооллолт буурсаар байгаа нь сэтгэл зовоосон асуудал болоод буй. 2010 онд нийт нялхсын 66 орчим хувь нь эхний 6 сарын турш эхийн сүүгээр дагнан хооллож байсан бол 2013 онд энэ үзүүлэлт 47 хувь болж буурснаар хүүхдийн өвчлөл, эндэгдэл ихсэхэд нөлөөлж байна.
Тухайлбал: 2016 онд гарсан улаанбурханы дэгдэлтийн үед гарсан эндэгдлийн дийлэнх нь 6 хүртэлх сартай хүүхдүүд байсан төдийгүй, эхийн сүүгээр дагнан хоолоогүй хүүхдүүд байсан. 6 сар хүртэлх сартай хүүхэд нь улаанбурханы вакцинд хамрагдах насанд хүрээгүй байдаг тул эндэгдлээс хамгаалах цорын ганц арга нь эхийн сүүгээр хооллолт юм.
Эхчүүд хүүхдээ хөхний сүүгээр дагнан хоололт буурах болсон нь гэр бүл болон ажлын байран дахь дэмжлэг туслалцаа муу, эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний импорт, зар сурталчилгаа нэмэгдсэн, эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн зөвлөгөө тусламж хангалтгүй, цаашлаад нийгэмд ядуурлын түвшин тууштай буурахгүй байгаа зэрэг нь эхчүүд төрөөд удалгүй ажилдаа эргэн орохоос өөр аргагүй байдалд хүргэж байгаа зэргээс шалтгаалж байна.
Өөрөөр хэлбэл, хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь зөвхөн эмэгтэйчүүдэд хамааралтай асуудалд биш юм. Нийгмийн бүх салбарт энэ асуудлыг нахаарч хамтран ажиллах шаардлагатай юм. Олон талт хамтын ажиллагааны үр дүнд эхийн сүүгээр бойжсон хүүхэд эрүүл саруул өсөн торниж, нийгэмдээ хэрэгтэй хүн болон төлөвшиж, улс орныхоо ирээдүйн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах боломж бүрдэнэ.