Эрүүл мэндийн сайд СХД-ийн ЭМН,ӨЭМТ, Нийслэлийн яаралтай түргэн Тусламжийн 103 төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг сайдын ажлын гараагаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээний гол хэсэг болох анхан, хоёрдогч шатлалын болон яаралтай түргэн тусламжийн үйлчилгээтэй танилцахаар Нийслэлийн СХД-ийн ЭМН, Нэгдсэн эмнэлэг, Батцэцэн өрхийн эрүүл мэндийн төв, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцлаа.
Нийслэлийн СХД-ийн ЭМН-ийн хувьд тус дүүрэгт орон сууцны хороолол шинээр баригдаж байгаагаас үйлчлэх хүрээний хүн амын тоо нэмэгдэж, ачаалал ихэссэн мөн дүүргийн яаралтай тусламжийн төвөөр үйлчлүүлж байгаа яаралтай дуудлагын 60 гаруй хувийг шаардлагагүй дуудлага эзэлдэг талаар эмч мэргэжилтнүүд танилцуулж байлаа.
Нийслэлийн түргэн тусламжийн төвийн хувьд тулгамдаж буй асуудал нь нийслэлийн шуурхай, мэдээллийн албанд дуудлага хүлээн авах үйлчилгээ нь шилжсэнтэй холбоотой хүндрэл гардаг, түргэн тусламжийн төвийн машины хүрэлцээ хангалтгүй байгаа талаар танилцууллаа.
Сайд яаралтай тусламжийн чиглэлээр анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтнүүдийг сургаж, дадлагажуулах, өвчтөн шилжүүлэх асуудлыг оновчтой шийдэх, нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүдийг яаралтай тусламж үзүүлэх чиглэлээр цаашид тулгамдаж буй асуудлууд дээр анхаарна гэдгээ хэллээ.