Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эхийн сүүгээр хооллолт нь тогтвортой хөгжлийн гол түлхүүр


 

 

8 дугаар сарын 1-7-ны өдрүүдэд Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих аяныг орон даяар зохион байгуулна.

Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих энэхүү үйл ажиллагааг Монгол улс төдийгүй дэлхийн 170 гаруй орон “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийг тэмдэглэдэг.  Энэ жил Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Нийслэлийн эрүүл мэндийн газар дээрх өдрийг “Эхийн сүүгээр хооллолт нь тогтвортой хөгжлийн гол түлхүүр” сэдвийн дор НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.

  • Хөхний сүү хүүхдийн бие махбодод хэрэгцээтэй, шингээхэд тохиромжтой уураг болон өөх тос, дархлааны фактор, даавар болон фермент агуулдаг учраас хүүхдийг харшил, зарим халдварт өвчнөөс урьдчилан сэргийлдэг юугаар ч орлуулшгүй хүнсний бүтээгдэхүүн юм. Иймд ДЭМБ-аас хүүхдийг төрснөөс хойш  6 сарын турш эхийн сүүгээр дагнан хооллолохыг зөвлөдөг. Ингэснээр  уушгины хатгалгаагаар өвчлөх  эрсдэлийг 23 хувиар, суулгалтаас шалтгаалах эндэгдлийг 10.5 хувиар, хатгалгаанаас шалтгаалах эндэгдлийг 15.1 хувиар тус тус бууруулж чаддаг байна.
  • Эхийн сүүгээр хооллох нь хүүхдийн оюун ухааны хөгжлийг дэмжих бөгөөд IQ чансааг 3-4 оноогоор дээшлүүлдэг. Оюун ухааны хөгжил нь сурлагын амжилтад шууд нөлөөлдөг.
  • Хүүхдээ эхийн сүүгээр хооллосноор  жил тутам 20,000 эмэгтэй хөхний хорт хавдрын улмаас эндэхээс сэргийлэх боломжтой.  
  • Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжсэнээр эмэгтэйчүүдийн дунд чихрийн шижин болон өндгөвчний хорт хавдрын өвчлөлийг бууруулдаг.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад эхийн сүүгээр хооллолт буурсаар байгаа нь сэтгэл зовоосон асуудал болоод буй. 2010 онд нийт нялхсын 66 орчим хувь нь эхний 6 сарын турш эхийн сүүгээр дагнан хооллож байсан бол 2013 онд энэ үзүүлэлт 47 хувь болж буурснаар хүүхдийн өвчлөл, эндэгдэл ихсэхэд нөлөөлж байна. Тухайлбал: 2016 онд гарсан улаанбурханы дэлгэлтийн үед гарсан эндэгдлийн дийлэнх нь 6 хүртэлх сартай хүүхдүүд байсан төдийгүй, эхийн  сүүгээр дагнан хооллоогүй хүүхдүүд байсан.  6 сар хүртэлх сартай хүүхэд нь улаанбурханы вакцинд хамрагдах насанд хүрээгүй байдаг тул эндэгдлээс хамгаалах цорын ганц арга нь эхийн сүүгээр хооллолт юм.   Эхчүүд хүүхдээ хөхний сүүгээр дагнан хооллолт буурах болсон нь гэр бүл болон ажлын байран дахь дэмжлэг туслалцаа муу, эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний импорт, зар сурталчилгаа нэмэгдсэн, эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн зөвлөгөө тусламж хангалтгүй, цаашлаад нийгэмд ядуурлын төвшин тууштай буурахгүй байгаа зэрэг нь эхчүүд төрөөд удалгүй ажилдаа эргэн орохоос өөр аргагүй байдалд хүргэж байгаа зэргээс шалтгаалж байна.

Өөрөөр хэлбэл, хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь зөвхөн эмэгтэйчүүдэд хамааралтай  асуудалд биш юм. Нийгмийн бүх салбарт энэ асуудлыг нахаарч хамтран ажиллах шаардлагатай юм. Олон талт хамтын ажиллагааны үр дүнд эхийн сүүгээр бойжсон хүүхэд эрүүл саруул өсөн торниж, нийгэмдээ хэрэгтэй хүн болон төлөвшиж, улс орныхоо ирээдүйн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах боломж бүрдэнэ.

 

“Эхийн сүүгээр хооллолтыг нэмэгдүүлснээр Тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Үүнд:

1, 8, 10-р зорилтууд нь ядуурлыг устгах, эдийн засгийн хөгжлийг дэмжих, тэгш бус байдлыг арилгахад чиглэнэ. Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг нэмэгдүүлснээр дэлхийн эдийн засагт жил тутам нэмэлт 302 тэрбум ам.долларын орлого буюу дэлхийн үндэсний нийт үйлдвэрлэлийн 0.5%-тай тэнцэх хувь нэмэр оруулах боломжтой.

 

2, 3-р зорилтууд нь өлсгөлөнг устгах, эрүүл мэндийг дэмжихэд чиглэнэ. Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь хүүхдийн амь насыг аврах нэн чухал арга хэмжээ бөгөөд эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулахад чухал хувь нэмэр оруулдаг. 

 

4-р зорилт нь боловсролд чиглэнэ. Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь хүүхдийн оюун ухааны хөгжлийг дэмждэг бөгөөд дэлхий дахинд дэвшүүлсэн боловсролын зорилтуудад хүрэхэд хувь нэмэр оруулах боломжтой.

 

5-р зорилт нь жендерийн тэгш байдлыг дэмжинэ. Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь жирэмслэлтийн хугацааг холдуулах, хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх, эмэгтэйчүүдийн ажлын байрны эрх зэрэг нийгмийн тэгш байдлыг хангах гол чухал асуудлуудтай салшгүй холбоотой.

 

12-р зорилт нь тогтвортой хэрэглээг дэмждэг. Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь эхийн сүү орлуулагч үйлдвэрлэх эрэлт хэрэгцээг хязгаарлах бөгөөд эхийн сүү нь маш бага экологийн ул мөр бүхий нөхөн сэргээгддэг нөөц юм. 

 

Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нөхцөл боломжийг бүрдүүлэхийн төлөө төр, хувийн хэвшил, олон нийт, гэр бүл хамтдаа хүчин чармайлт гарган ажиллаж, ирээдүйн тогтвортой хөгжлийг авч явах эрүүл, саруул хойч үеийнхээ төлөө одооноос хөрөнгө оруулалт хийхийг зохион байгуулагчид уриалав.

Холбоотой мэдээ, мэдээлэл