2011 оны 4 дүгээр сар 22-ны өдөр Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, “Бороо Гоулд” ХХК бөгөөд “Сентерра Гоулд Монголия” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Жон Казакофф нар 1-р Амаржих газрын өргөтгөлийн барилгыг барих гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээний дагуу “Бороо Гоулд” ХХК
10 тэрбум төгрөгөөр 150 ортой орчин үеийн амаржих газрын барилгын ажлыг санхүүжүүлэх юм. “Бороо Гоулд” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Ж.Казакофф гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр хэлэхдээ: “Сентерра Гоулд” болон түүний охин компани “Бороо Гоулд” нь Монгол Улсад аюулгүй, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийн төлөө ажилладаг уул уурхайн компаниуд. Хариуцлагатай уул уурхайн үндсэн зарчмуудын нэг бол тухайн улс орны ард түмэнд үр өгөөжтэй, хөгжилд нь ихээхэн ач холбогдолтой хөрөнгө оруулалтыг хийх явдал юм. Энэхүү хөрөнгө оруулалт нь Монголын хөгжлийг ирээдүйд авч явах бяцхан иргэд энэ хорвоод эрүүл мэндлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж итгэж байна хэмээн онцолсон юм.
Иж бүрэн тоноглолтой, орчин үеийн шийдэл бүхий шинэ амаржих газрыг 1-р Амаржих газрын хамгийн анхны барилгын буурин дээр барина. 1954 онд ашиглалтад орж байсан хуучин барилгыг УМХЕГ-аас ашиглаж боломжгүй гэсэн дүгнэлтийг гаргасан байсан ч хөрөнгө санхүүжилтийн шалтгаанар асуудал шийдэгдэхгүй удсан байна. Ингээд холбогдох байгууллагууд нь “Бороо Гоулд” ХХК-ийн удирдлагуудад хандсанаар санхүүжүүлтийн асуудал ийнхүү шийдэгдэж байгаа ажээ.