“Эх, хүүхдийн эрүүл мэнд ээлжит цахим хурлыг ЭМСЯ-ны эмнэлгийн тусламжийн хэлтэс, ЭХЭМҮТ хамтран зохион байгууллаа.
Тус цахим хуралд эх барих, эмэгтэйчүүд, хүүхдийн, өрхийн тусламж хариуцсан мэргэжилтүүд, зургаан дүүргийн эрүүл мэндийн төвийн эх барихын болон хүүхдийн ахлах эмч нар, 18 аймгийн ЭМГ-ын дарга, нэгдсэн эмнэлгийн удирдлагууд оролцлоо.
Хурлаар эрүүл мэнд, спортын сайдын “Бэлэн байдлыг хангах тухай” 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/259 дүгээр тушаалыг танилцуулж, 2016 оны эхний хагас жилийн эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтүүд, баяр наадмын үеэр тусламж үйлчилгээнд анхаарч ажиллах мэргэжил аргазүйн зөвлөгөөг өгсөн байна.
Харьяа байгууллагын дарга нараас гарсан санал:
- Хариуцлагатай жижүүрүүд ямар загвараар мэдээ өгөх,
- Эх барих, эмэгтэйчүүдийн эмч богино хугацаагаар ажиллуулах асуудлыг шийдүүлэх,
- Аймгууд баяр наадмын үеэр осол гэмтэл, хордлогоос сэргийлэх чиглэлээр Үндэсний телевизүүдээр сурталчилгаа явуулах,
- Орон нутагт эмч дутагдалтай байгаа тул резидентэд сурч байгаа эмч нарыг 7, 8-р сард аймгуудад нь ажиллуулах,
- Улаанбурхан өвчний дэгдэлтийн үеэр эм, эмнэлгийн хэрэгсэл, илүү цагаар ажилласан санхүүжилт одоо болтол ирээгүй байгааг шийдвэрлэх,
- Эмч солилцоогоор ажиллах эмч нар хэзээ ирж ажиллах вэ, бид нар явуулах эмч нарын асуудлыг шийдэх хэрэгтэй гэсэн саналууд гарчээ.