Эрүүл мэнд, Спортын сайд С.Ламбаа Монголын тамирчдын баярыг Чингисийн талбайд тамирчидтайгаа хамтдаа тэмдэглэж өнгөрүүллээ.. Сар хүрэхгүй хугацааны дараа Зуны XXXI олимпийн наадмыг зорин, эх орныхоо өмнөөс энх цагийн хамгийн том "тэмцээнд"-д өрсөлдөх гэж буй тамирчдаараа гоёсон "Монголын тамирчдын баяр"-ын өдөр 2016оны 07сарын 03өдөр тохиож байна. Монголын тамирчид энэ зуны олимпод 41-үүлээ буюу хамгийн олон бүрэлдэхүүнтэйгээр оролцох баярт мэдээг дуулгая. Учир нь Допингийн эсрэг зөрчил гаргасан хэмээн үзэж, олимпод оролцох эрхийг нь түдгэлзүүлээд байсан Дэлхийн допингийн эсрэг агентлаг /WADA/, Дэлхийн нэгдсэн бөхийн холбоо /UWW/ шийдвэрээ эргэн харж, чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-ын жингийн тамирчин Э.Сумъяагийн олимпийн эрхийг сэргээх тухай мэдэгджээ.
Чингисийн талбайд болж буй Тамирчдын баярт үе үеийн шилдэг тамирчид, спортын зүтгэлтнүүд, олимпийн наадамд оролцох баг бүрэлдэхүүн, спортын байгууллагын удирдлагууд оролцон, амжилт, ялалтын гэрч болсон медальтай жагсаалд нэгдлээ. Мөн энэ үеэр энэ зуны олимпийн наадамд өмсөх Монголын шигшээ багийн хувцасны загварыг танилцуулж, спортын үзүүлэх тоглолт зохион байгуулав.
РИО-2016 олимпийн наадамд Монгол Улс түүхэн дэх хамгийн олон бүрэлдэхүүнтэй багаараа очих гэж байна. Өнөөдрийн байдлаар,
- Жүдо бөх – 13
- Чөлөөт бөх -10
- Бокс – 6
- Буудлага – 3
- Таэквонда – 1
- Хүндийг өргөлт – 1
- Байт харваа - 1
- Хөнгөн атлетик - 4 /IAAF-аас батламж хүлээж байгаа/.
Нийт 39 тамирчин Рио-2016 олимпийн эрхээ хүртэж, усанд сэлэлтийн төрөлд 2 тамирчин ОУОХ-ны урилгаар оролцох нь тодорхой болсноор өнөөдрийн байдлаар энэ тоог 41 тамирчин гэж албан бусаар зарлаж болохоор байна.
Паралимпийн тамирчдын амжилт ч чамлахааргүй. Манай тамирчид “Рио-2016” паралимпод таван төрөлд найман тамирчнаа сойно.
- Пара байт харваа – 3
- Пара жүдо бөх – 2
- Пара буудлага – 1
- Пара хөнгөн атлетик – 1
- Пара пауэрлифтинг – 1