МЭНДЧИЛГЭЭ
Монгол Улсын Биеийн тамир, спортын салбарын төрийн болон төрийн бус байгууллагын эрхэм хүндэт ажилтан, албан хаагчид, үе үеийн удирдлага, ахмадууд, тамирчин, дасгалжуулагч, шүүгч, эрдэмтэн багш нар Та бүхэнд Монголын “Тамирчдын өдөр”-ийн баярын мэндийг Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэнд, Спортын Яамны нэрээс өмнөөс болон хувиасаа хүргэе. Энэ жил манай биеийн тамир, спортын салбарынхан тамирчдынхаа түүхэн баяраа 80 дахь жилдээ тэмдэглэж байгаа бөгөөд, энэ хугацаанд эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөн мандуулж, ард түмнийхээ эрүүл мэндийг дээшлүүлэн, тэднийхээ итгэл найдварыг биелүүлж ирлээ. Сүүлийн жилүүдэд төр засгаас биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар олон чухал арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байгаагаас нийслэлийн бүх дүүргийг спортын ордонтой болгох, аймгийн төвүүдийн спортын ордонг шинэчилэх, усан бассейнтай болгох, салбарын хүний нөөцийг чадавхижуулах, үндэсний шигшээ багийн амжилтыг дээшлүүлэн олимп, дэлхийн хэмжээнд хүргэх, спортын өндөр амжилт гаргах, тамирчдын нийгмийн баталгааг хангах талаар шат дараатай арга хэмжээ авч байна. 80 дахь жилдээ тэмдэглэж буй “Тамирчдын өдөр” манай өсвөрийн шилдэг тамирчид Оросын Холбооны Улсын Саха Улсын Якутск хотноо зохион байгуулагдах “Азийн хүүхдүүд” олон улсын спортын VI наадамд спортын 18 төрлөөр өрсөлдөхөөр эх орноосоо мордох гэж буй цаг хугацаатай давхцаж байгаагаараа онцлог болж байна. Энэхүү нэр хүндтэй наадмаас Монгол Улсын анхны олимпийн аваргууд Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Гавъяат тамирчин Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, Олимпийн наадмын хүрэл медальт, Дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин Х.Цагаанбаатар нарын өнөө цагийн шилдэг тамирчид амжилтын гараагаа эхэлж байв. Бид энэхүү наадмыг 2020 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах санаачлагийг өрнүүлэн Монгол Улс дэлхийн спортын тавцанд байр сууриа ахиулах алхмыг эхлүүлэхээр ажиллаж байгааг тэмдэглэхэд таатай байна.
Бид олимп, тив, дэлхийн олон алдартан, аваргуудтай орон билээ. Ердөө сар гаруйханы дараа Бразилийн Рио де Жанейро хотноо эхлэх хүн төрөлхтний эв нэгдэл, найрамдлын их баяр Олимпийн наадамд Монголын тамирчид эрх авч оролцдог болсноос хойш анх удаагаа 40 тамирчин, 3 шүүгч, паралимпийн наадамд 9 тамирчинтай оролцох гэж байгаа нь түүхэн дээд амжилт болж байна. “Рио-2016” зуны олимп, паралимпийн наадамд Монгол Улсынхаа тамирчдыг амжилттай оролцуулахын тулд Монгол Улсын Ерөнхий сайдын ахалсан Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хороогоор олон чухал асуудлыг хэлэлцүүлэн шийдвэрлүүллээ. Үүний үр дүнд манай тамирчид анх удаагаа олимпийн наадам болох улсад дасан зохицох бэлтгэлээ өөрсдийн хамтрагч, тамирчин нөхдийн хамтаар хийхээр болсон төдийгүй монгол тогоочийн амтат хоол, үндэсний үйлдвэрлэгчийн урласан хувцас, үндэсний тээвэрлэгчийн тухтай үйлчилгээн дор олимп, паралимпийн наадамдаа оролцохоор болж байна. Олимп, паралимпийн эрх авсан нийт тамирчид, баг бүрэлдэхүүндээ РИО-гийн зуны спортын ХХХI олимп, паралимпийн ХV наадамдаа амжилттай бэлтгэн оролцож өмнөх олимпод гаргаж байснаас илүү их амжилт үзүүлэн Монгол Улсынхаа төрийн дууллаа хэдэнтээ эгшиглүүлж, Монгол төрийн алтан соёмбот далбаагаа олонтаа өргөн мандуулахыг хүсэн ерөөе. Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөн явдаг шилдэг тамирчин, дасгалжуулагч, шүүгчдийг үргэлж дэмжиж, тусалдаг аж ахуйн нэгж байгууллага, компани, хувь хүмүүс, амьдрал ахуй, ар гэрийг нь хариуцлагатай авч явдаг аав ээж, ахан дүүс, гэр бүлийн гишүүд Та бүхэнд үе үеийн тамирчин, дасгалжуулагч, биеийн тамир, спортын салбарын нийт ажилтан албан хаагчдынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлж хамгийн сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монголын тамирчдын хийморь, цог золбоо, амжилт үргэлж өөдөө байг,
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН САЙД С.ЛАМБАА